УБЦТС ТӨХК-иас мэдээлснээр үер, устай холбоотой үүссэн нөхцөл байдлаас болж таслаад байсан 12.733 хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг өчигдөр орой 22.00 цагт сэргээгээд байна.
Үер усны аюултай нөхцөлөөс шалтгаалан тус компаниас өнгөрсөн бямба гарагаас эхлэн нийт 55 дэд өртөөний 15.052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааны хүчдэлээс таслаад байсан юм.
Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, усыг нь соруулж дууссаны дараа залгах боломжтой 23 дэд өртөө, орон сууцны 36 байрны 2195 хэрэглэгч байгааг мөн мэдээллээ.
Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тоймловол нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 3, Баянзүрх дүүргийн 41-р хороонд 11, 6-р хороонд 1, Хан-Уул дүүргийн 15-р хороо “Рапид харш” хотхоны 8 байр, 2, 3, 10, 11-р хороонд 9, Баянгол дүүрэгт 8 байр тус тус байна.
Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27.056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг сэргээж, өчигдрийн 08.00-20.00 цагийн хооронд ирсэн 790 дуудлагын 553-ыг барагдуулан ажиллажээ.