Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ үеэр үерийн усны нөхцөл байдал, үерийн даланг хааж барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон юм.
Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан
“Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсныг танилцууллаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 1966 оны үертэй дүйцэхүйц хэмжээний ус урсан орж ирвэл Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах юм. 100 жилд нэг удаа тохиох магадлалтай буюу секундэд 2490 шоо метр зарцуулгатай үер орж ирэхэд хотын 40,000 га талбай, үүнээс 34,900 га нь нэг метрээс дээш гүнтэй усанд автана. Улаанбаатар хотод үерийн нийт 153 км далан байгаа ч Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн далангуудын насжилт хэтэрч, эргийн бэхэлгээ нь эвдэрч гэмтжээ.
Иймд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд төвийн зургаан дүүргийн суурьшил ихтэй бүсэд Туул голын хойд эргийн хамгаалалтын даланг өндөрлөж, тохижилт хийхээр тусгасан байна. Үерийн эрсдэлээс хамгаалах, урсцыг сайжруулахын тулд Сэлбэ болон Улиастай голд үерийн ус хуримтлуулах сан байгуулж, урсцын тохируулга хийх юм. Ингэснээр суурьшлын бүсийг үерт автахаас сэргийлж, хур тунадас багатай үед голын урсцыг тэтгэнэ.
Үерийн хамгаалалтын далангийн хувьд
Туул гол дагуу таван байршилд 13 км
Сэлбэ голын дагуу 10 км
Улиастай голын дагуу 9 км даланг шинээр барихаар төлөвлөжээ.
Хүчтэй аадар борооны улмаас ус гуу жалга, сайр даган шавар, шороо, чулуутай холилдон урсах уруйн үерээс хамгаалах 107.6 км хамгаалалтын суваг 58 байршилд бий. Гэсэн хэдий ч ихэнх нь хуучирч муудан, засвар, шинэчлэл хийх шаардлагатай болсон. Иймд төлөвлөгөөний хүрээнд 2040 он хүртэл үерийн хамгаалалтын 345 км суваг, 23 км даланг шинээр хийх юм.
Нийслэлийн хэмжээнд зам, талбайн борооны ус зайлуулах 169 км шугам, 3084 шүүрт худаг, 3601 үзлэгийн худаг, нэг насос станц, 10 насост худаг байна. Борооны ус зайлуулах гол цуглуулагч шугамуудын 70 орчим хувь нь 1990 оноос өмнө хийсэн, 60 орчим хувьд нь лаг, хагшаас хуримтлагддаг. Тиймээс 1987 оноос хойш ашиглаж байгаа насос станцыг өргөтгөж, автомат удирдлага бүхий насос станцыг шинээр барихаар төлөвлөжээ. Түүнчлэн цуглуулагч шугамуудад засвар хийж, зарим байршилд борооны уснаас гадна хөрсний ус зайлуулах шугам сүлжээнээс ус хүлээн авах 280 км цуглуулагч шугам шинээр хийх юм.
Нийслэлд хөрсний ус зайлуулах 24 км шугам, хяналт шинжилгээний 45 цооног байна. Цаашид буюу 2040 он хүртэл 42 цооногийг хөрсний усны түвшин бууруулах болон шүүрүүлэх 58 км байгууламжийг хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.