УБЦТС компаниас мэдээлснээр үер, усны нөхцөл байдалтай холбоотойгоор таслагдаад байсан 53 дэд өртөө, 10.020 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг өнөө өглөө 08.00 цагийн байдлаар сэргээгээд байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 54 дэд өртөөнд холбогдсон 14.132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс таслаад байв.
Одоогийн байдлаар зоорийн давхарт ус орсон болон болзошгүй эрсдлээс сэргийлж 22 дэд өртөөний 43 байрын 4112 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан хэвээр байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 3 орон сууц, Баянзүрх дүүргийн 43-р хороонд 23 орон сууц, Хан-Уул дүүргийн 15-р хорооны “Рапид харш” хотхоны 4 байр, 2,3,10-р хороонд 5 орон сууц, Баянгол дүүрэгт 8 байрны зоорийн давхарт ус орсон болон цахилгааны щит усанд автсан байруудыг ус соруулж дууссаны дараа залгах боломжтой байгааг УБЦТС компани болон НОК-оос мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдөр буюу 7 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 7 дугаар сарын 24-ний 08.00 цаг хүртэл нийт 549 дуудлага бүртгэжээ. 537 дуудлагыг барагдуулсан байна. Хийгдэж байгаа 12 дуудлага байна. Ажиллах хүч, машин механизм, нийт 127 ажилтан, 29 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.