Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, Баянбулгийн иргэн Н.Бат-Эрдэний хашаанд "Эрээн хүрнэ" гэдэг амьтан орж ирсэн гэх мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэргэжилтэн, байгаль хамгаалагч очиж, анхан шатны тусламж үзүүлэн, амьтныг байгальд аюулгүйгээр тавьж явууллаа.
Хур тунадас, бороо хур элбэгтэй байгаатай холбоотой ховор амьтад суурин газарт үзэгдэх болсон.
Эрээн хүрнэ нь улаан номд бүртгэлтэй, ховор зүйлийн Говь цөлийн бүсэд нэн ховор, суусрын овгийн жижиг махчин амьтан юм.
Нас бие гүйцсэн, бие 35 см, сүүл 20 см урт, жин 0,50 кг, толгой жижиг, хоншоор богиновтор мохоодуу, чих том угаараа өргөн, дэлбэгэр дугуй, мөч богино, сүүл урт сагсгар, зоо нуруу биеийн хажуу халиун бор дэвсгэр дээр элдэв хэлбэрийн цайвар толбуудтай.