Үндэсний их баяр наадмын үргэлжилсэн амралтын өдрүүдэд биеийн байдал маш хүнд, яаралтай тусламж шаардлагатай 12 иргэнийг орон нутгаас нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авчиржээ.
Гэмтэл авсан 12 хүний найм нь насанд хүрсэн хүн, дөрөв нь 0-18 насны хүүхэд бөгөөд Баянхонгор, Завхан, Увс, Сэлэнгэ аймгаас нисдэг тэргээр тээвэрлэн авчирсан байна. Эдгээр иргэдийн хоёр нь мориноос унасан, бусад нь автын осолд орсон байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын А/97 тоот тушаалын дагуу үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд /2023 оны долоодугаар сарын 08-наас 16-ныг дуустал/ эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд тасралтгүй үзүүлж ажиллажээ.
Долоодугаар сарын 11, 14-ний өдрийг ажлын өдөр болгон Амбулаторийн тасагт нийт 290 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд төлөвлөгөөт мэс засал 76 -г хийсэн байна.
Баяр наадмын өдрүүдэд Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 4796 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс 156 хүнд яаралтай мэс заслын тусламж үзүүлснээс 92 нь оройн ээлжинд мэс засалд орсон байна.
Мөн алсын дуудлагын дагуу ГССҮТ-ийн эмч нарын баг Сүхбаатар, Өвөрхангай аймагт очиж ажиллахдаа гавал тархи болон цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтэлтэй хоёр иргэнд мэс засал хийсэн хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.