Бид Нийслэлийн 14 дүгээр сургуулийн сурагч унаач Б.Батжавхлан хүүтэй ярилцлаа. Тэр одоо найман настай. Морь унах үнэхээр дуртай гэдгээ хэлэхийн дээр уяач болох мөрөөдөлтэй болох тухайгаа ярьсан юм.
-Сайхан наадав уу?
-Сайхан наадлаа. Та бүхэн сайхан наадав уу? Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумынхаа наадамд шүдлэн насны морьдын уралдаанд аман хүзүүдсэн. Их насанд айргийн гуравт, соёолон дээр айргийн дөрөвт, дааганд есөд хурдалсан. Хүүхдүүд хашаанаас гараад, давхих маш гоё байдаг. Айрагдаад, хүмүүс айраг өгөөд, айргаа моринд хүргээд, медаль аваад, мөнгө өгөх нь маш гоё байдаг.
-Найзууд нь “Чи морь унадаг юм уу” гэж сонирхож асуудаг уу?
-Тэргэл гээд унаач ах байдаг байхгүй юу. Манай өвөөгийн хонгор морийг унаж байсан. Тэр ах намайг ирэхэд нэг удаа л асууж байсан.
-Юу гэж асуусан бэ?
-Батука, чи хотын хүүхэд мөртлөө морь унаад… Чи наадамд түрүүлж чадаж байгаа юм уу гэсэн. Би Даланжаргалангийн наадмаар хонгор зүстэй морь унасан. Борь үрээ, бас зээрд халзан морь унаад айргийн дөрөвт орсон. Би тэр зээрд халзан морьтойгоо овооны наадамд нэг удаа тасархай ирсэн. Хонгор морьтойгоо “Шивээговь”-ийн наадмаар айргийн есөд орсон.
Морьдыг наадмаас хасчихаар муухай санагддаг. Улсын наадамд Монгол морьдыг хасдаг юм байна лээ шүү дээ. Энэ яагаад цэвэр Монгол адуугаа хасаж байгаа юм бол гэж би бодсон.
-Чи дөрвөн насны морь унасан байна шүү дээ. Аль уралдаан нь илүү гоё байв?
-Бор үрээтэйгээ аман хүзүүдсэн наадам нь. Доной гэдэг хүүхэд байдаг байхгүй юу. Тэр хүүхэд бид хоёр тасархай явж байсан. Би өнгөлөөд, эсвэл Доной өнгөлөөд, би өнгөлөөд яваад байсан. Үзүүр дээрээ бид хоёр аймаар тарласан байхгүй юу. Үзүүр дээрээ бид хоёр аль нь дийлэх вэ гээд л яг зэрэгцээд явж байсан чинь гэнэт Доной гуядсан чинь хонгор үрээ нь тасархай яваад өгсөн. Тэр л наадам их гоё байсан. Доной бид хоёр юм яриад л яваад байсан.
-Морь унадаг хүүхдүүдтэйгээ найзалдаг уу?
-Найзалдаг. Хоёр ихэр хүүхэд байдаг. Нэрийг нь Бадрал, Цацрал гэдэг. Тэр хоёртой би их сайн найз. Бас Тулгаа гээд найз байгаа.
Хүүхдүүд уралдаж байхдаа нэгнийгээ түлхэж унагах байдлаар гомдоож уурлуулах муухай шүү. Тэр байдал надад их муухай санагддаг. Намайг бас нэг ах тэгж байсан. Шүдлэн дээр.
-Морийг нь үргээж байсан гэж үү?
-Үгүй. Би бор үрээтэйгээ эргээд явж байсан чинь “Замаас зайлаач” гээд шавхуурдсан. Тэгээд яг ойчих гэж байсан. Морь унахдаа битгий муухай үйлдэл гаргаж байгаарай.