Дуучин Тэйлор Свифт ирэх жил дуустал үргэлжлэх аялан тоглолтынхоо хуваарийг танилцуулсан ба зүүн өмнөд Ази дахь цор ганц зогсоол нь Сингапур юм. Тус улсад тоглох Тэйлор Свифтийн тоглолтын 300 мянган суудлын төлөө тив даяарх шүтэн бишрэгчид нь тэмүүлж, 22 сая хүн урьдчилсан захиалгад бүртгүүлснийг зохион байгуулагчид нь хэлжээ. Түүний зүүн өмнөд Ази дахь тоглолт Манила, Бангкок зэрэг томоохон хотуудыг орхисон байсан нь дэд бүтэц, улс төртэй холбоотой гэж шүтэн бишрэгчид нь үзэж байна. Алдарт дуучны “Эрас” аялан тоглолт энэ оны 3-р сард эхэлж, ирэх оны 8-р сард дуусах товтой байгаа. Тэрбээр АНУ, Хойд Америк, Европ, Австрали, Шинэ Зеландад нийт 100 гаруй удаа тоглож байна. Азид тоглох хуваарьтай өөр нэг улс байгаа нь Япон бөгөөд нөхцөл байдал Японд ч амаргүй байх төлөвтэй байгааг цахим сүлжээн дэх шүтэн бишрэгчдээс нь харж болох юм. Тэйлор Свифтийн тоглолтын төлөөх өрсөлдөөнийг “Аугаа дайн” ч гэж томоохон хэвлэлүүд онцолж байна. Учир нь түүний тоглолт анх зарлагдсан даруйдаа АНУ-ын томоохон цахим тасалбарын сайтыг гацахад хүргэж, хямрал үүсгээд амжсан билээ.