"Аватар", "Гладиатор" зэрэг кинонуудын ээлжит ангийн зураг авалт Холливудад болж буй жүжигчдийн ажил хаялтын улмаас зогсож болзошгүй байна. Түүнчлэн Эмми, Комик-Кон зэрэг арга хэмжээнүүдийн хуваарийг өөрчилж болзошгүй байгаа аж.
Тус салбарын сүүлийн 60 гаруй жилийн түүхэн дэх хамгийн том ажил хаялт нийт 160 мянга гаруй уран бүтээлчийг хамраад байна. Энэхүү үйл явдал нь Америкийн Зохиолчдын эвлэл ижил төстэй ажил хаялт хийсний дараа болж буй ба АНУ-ын ихэнх кино, телевизийн бүтээлүүд зогсонги байдалд ороод байна. Жүжигчид стриминг платформын компаниудыг ашгаа илүү шударга хувааж, ажлын нөхцлөө сайжруулахыг шаардаж байгаа юм. Үүгээр зогсохгүй тэднийг дижитал хувилбараар орлуулахаас урьдчилан сэргийлэхийг хүсэж байгаа аж. Тухайлбал, ажил хаялт Пүрэв гарагт эхлэхтэй зэрэгцэн жүжигчин Киллиан Мөрфи, Мэтт Дэймон, Эмили Блант нар Лондон хотод болж байсан "Оппенхаймер" киноны нээлтийг орхижээ. Киноны найруулагч Кристофер Нолан тэдний тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Кино зураг авалт хийж буй продакшнуудын хувьд уг ажил хаялт ажлынх нь ихэнх хэсгийг боломжгүй болгоно гэсэн үг юм. Зураг авалт аль хэдийн дууссан байсан ч жүжигчид дахин зураг авалт болон кино бүтээх үйл явцын бусад чухал элементүүдэд оролцох боломжгүй болж байгаа билээ.