Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-90 см нэмэгдэж үерийн түвшинг 15-55 см давсан байна.
Орхон голын нийт уртын голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-165 см нэмэгдэж, Орхон гол Хархорин орчимд үерийн аюултай түвшинг 135 см даван хүчтэй үерлэж байна.
Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 70 см нэмэгдэж олон жилийн дунджийг давсан байна.
Хангай нурууны арын Чулуут, Хойд тамир, Хануй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-105 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Түй, Таац, Заг, Идэр 15-30 зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-80 см нэмэгдэж Зэгстэй, Хөгшин-Орхон, Онги голууд үерийн аюултай түвшинг 15-35 даван үерлэж байна.
Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30 см нэмэгдэж Сөгнөгөр гол үерийн түвшинг 29 см давсан байна.
Хэрлэн голын эхээр, Хараа, Ерөө, Хүдэр голууд үерийн түвшинг 25-70 см давсан бол Орхон, Сэлэнгэ голууд Сүхбаатар сум орчмоор, Шарын гол Жимсний станц орчмоор үерийн аюултай түвшинг 5-20 см даван үерлэсэн хэвээр байна.
Долоодугаар сарын 15-16-ны өдрүүдэд Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчмоор Орхон гол Өлзийт сумаар усны түвшин 50-100 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.