Өсвөр насандаа сургуулийнхаа дээрэлхэлтийн хэрэгт холбогдож, мэргэжлийн үйл ажиллагаагаа түр зогсоосон жүжигчид “жижиг дүр”-ээр эргэн ирж байна. Тухайлбал, I.O.I хамтлагийн гишүүн асан Ким Со Хэ KBS телевизийн "My Lovely Boxer" цувралын эмэгтэй боксчны дүрээр дахин кинонд тоглохоор болжээ. 2021 онд жүжигчин бүсгүйн сургуульд байхдаа хүн дээрэлхэж байсан нь ил болсон ба нэрээ нуусан нэгэн түүнийг өөрийг нь хэл амаар доромжилж байсныг илчилсэн юм.
Тухайн үед Ким үүнийг үгүйсгэж байсан ч тус сургуулийн дээрэлхэхээс урьдчилан сэргийлэх хороо түүний буруутайг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн хэд хэдэн дээрэлхэлтийн хэрэгт холбогдож байсан жүжигчин Чо Бёнг-Кю “The Uncanny Counter Season 2: Counter Punch” цувралаар эргэн ирэх болжээ. Онлайн форум дээрх нэрээ нууцалсан нийтлэлд түүнийг Шинэ Зеландад байхдаа сургуулийнхаа ангийн хүүхдүүдийн бие махбодид нь халдсан хэмээн буруутгасан ч дараа нь уучлалт гуйж, уг нийтлэлээ устгасан байна. Гэвч үүний дараа өөр хэд хэдэн хүн түүнийг өсвөр насандаа бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, бусдыг дээрэлхсэн гэж буруутгасан юм. Чо-гийн агентлаг дээрх мэдээллүүдийг үгүйсгэж, цагдаад мөрдөн байцаалт явуулахыг хүссэн ч энэ мэдээллийг анх цацсан хүн татгалзсан хариу өгсөн тул мөрдөн байцаалтын ажиллагаа зогсонги байдалд ороод байсан юм. Тиймээс түүний мэдүүлэг нотлогдоогүй хэвээр байгаа. Гэсэн хэдий ч БНСУ-д энэ мэтчилэн дээрэлхэлтийн хэрэгтэй холбогдсон жүжигчдийн карьер уналтад орж, эргэн ирэхдээ “жижиг дүр”-д тоглох болсныг хэвлэлүүд онцоллоо.