Тэрбумтан Элон Маск олон сарын турш ChatGPT-ийн өрсөлдөгчийг бий болгохоор зорьж буйгаа илэрхийлж ирсний эцэст шинэ хиймэл оюуны компани байгуулснаа зарлалаа. xAI нэртэй компани нь вэб сайт болон хэдэн арван ажилтнаас бүрдсэн багтай юм байна. Энэхүү шинэ компанийг Маск өөрөө удирдах бөгөөд "Твиттер, Тесла болон бусад компаниудтай нь нягт хамтран ажиллаж, эрхэм зорилгоо ахиулна" гэж тэрбээр тодорхойлжээ.
Цаашилбал, "xAI-ийн зорилго бол орчлон ертөнцийн жинхэнэ мөн чанарыг ойлгох явдал юм" гэж Маск өөрийн хиймэл оюуны шинэлэг чанарыг тодотгосон байна. Маск анхандаа ChatGPT-бүтээгч OpenAI-ийг дэмждэг байсан боловч хожим нь уг чатботыг хэт нэг талыг барьсан эсвэл хүйсээр ялгаварлан гадуурхсан хариу үйлдэл үзүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилготой хамгаалалтыг оруулсан гэж шүүмжилсэн юм. Өөрөөр хэлбэл, түүний эрхэм зарчмуудын нэг болох “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”-г боогдуулсан гэж үзсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр 4-р сард өгсөн ярилцлагадаа шинэ хиймэл оюунаа “Үнэн GPT” гэж хошигносон ба “үнэнийг эрэлхийлэх дээд хиймэл оюун” гэж алдаршуулаад байна.