Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарди М.Бадарч Архангай аймгийн арслан С.Сүхбатыг долоогийн даваанд өвдөг шороодуулснаар их шөвөгт шалгарлаа.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.
Зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Ганхуягт өвдөг шороодлоо. Ингэснээр аймгийн арслан Г.Ганхуяг улсын харцага цолын болзол хангасан юм.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн хурц арслан С.Сүхбат улсын заан М.Лхагвагэрэлээр зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа. Мөн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон цолоо батлав.
Энэ даваанд улсын аварга хоёр, арслан нэг, гарди нэг, заан нэг, харцага нэг, аймаг, цэргийн арслан цолтой хоёр бөх барилдана.