Украины ерөнхийлөгч В.Зеленский Ливтийн нийслэл Вильнюс хотод болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад ирсэн. Хэдий түүнийг гишүүн орнууд таатай угтаж авсан ч Украин тус цэргийн эвсэлд элсэх эсэх нь тоорхойгүй хэвээр үлдлээ. Тодруулбал, “Украины ирээдүй бол НАТО. Нөхцөл байдал, цаг хугацаа бүрэлдсэн цагт бид Украиныг нэгтгэх болно” гэж НАТО-гийн гишүүн орнууд илэрхийлсэн байна.
Түүнчлэн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Украиныг элсүүлэхээс илүү чухал асуудал бол Украин ялах явдал юм. Украин ялж байж л дараагийн асуудлыг ярилцана” гэжээ. Украин хэдэн сарын турш НАТО-д гишүүнээр элсэхээр чармайж байгаа ч дайн үргэлжилж байгаа энэ үед олон гишүүн орнууд Украиныг өөрийн эгнээнд элсүүлэх эсэхэд “онцгой” эргэлзэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Украин эвсэлд элсэхэд хараахан бэлэн болоогүй байгаа бөгөөд эвсэл Украины хүсэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэхээс өмнө Украин дахь Оросын дайныг зогсоох хэрэгтэй” гэж мэдэгджээ.