БНХАУ-аас үр тариа импортолсны үр дүнд Хойд Солонгосын хүнсний үнэ тодорхой хэмжээгээр тогтворжсон ч дэлхийн хамгийн хаалттай улсад хүнсний ноцтой хямралтай тулгамдсаар байна гэж Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн сайд Даваа гарагт мэдэгдлээ.
Үндэсний нэгдлийн сайд Квон Янг-Сэ хэвлэлийн бага хурал дээр “Хойд Солонгосын зарим бүс нутагт өлсгөлөнд нэрвэгдсэний улмаас нас барсан тохиолдол их гарч байгаа бөгөөд төрийн хяналтад байгаа хүнсний хангамж тасалдсанаас үүдэн ийн өргөжсөн бололтой” гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн "Хойд Солонгосын удирдагчид Хятадаас хүнсний бүтээгдэхүүн импортлох талаар хүчин чармайлт гаргасны дараа Хойд Солонгосын хүнсний хямрал бага зэрэг тогтворжсон. Гэвч тус улсын хүнсний байдал маш хүнд хэвээр байна" гэж Квон тодотгосон.
Хойд Солонгос ковид-19 цар тахлын эсрэг боомтоо хаасан нь, мөн цөмийн болон пуужингийн хөтөлбөрт нь тавьсан бусад улс орнуудын хориг арга хэмжээ ийм байдалд хүргэсэн гэж Өмнөд Солонгосын эрх баригчид үзэж байна. Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндийн байдлын талаар Квон хэлэхдээ, “Эрүүл мэндийн зарим асуудал байгаа ч Ким албан ёсны ажлаа хийхэд ямар ч асуудалгүй байгаа” гэсэн юм.