Бид энэ удаа Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Сумын заан Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний хувьд хар багаасаа бөх болохыг хүсэж зорилгодоо үнэнч явж буй нэгэн юм. Тэрээр 2016 оноос хойш тууштай бэлтгэл хийж эхэлжээ.
Энэ талаар ярихдаа, “Би сумын баяр наадамд зургаа түрүүлсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад тогтмол барилддаг.
Миний бага нас гэвэл таван нас хүртлээ хөдөө өссөн. Манай ах сургуульд ороод би бас орсон. Бид хоёрыг эрдэм ном сайн сурах байх гээд л сумын төв рүү мал хуйгаа орхиод оруулсан юм. Тэгээд буцаад хөдөө гарсан л даа.
Анхны цол Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Нараа ахыгаа дагаж очиж барилдаад Сумын заан цол авсан. Сумын заан болсон чинь сумын наадмын эрэмбэд сайхан таардаг болсон юм. Тэгээд л цолоо баталж, ахиулъя гээд л олон жил сумын наадмуудад орсон доо.
Хүмүүсийн ярьдгаар янз бүрийн найраа энэ тэрийг дарахыг бодож, өөрөөрөө Сумын заан цолоо тав баталсан. Нэг үзүүрлэсэн. Би Амарсайхан начин, Баасанхүү харцага, Даваа-Очир начин гээд нуруу ойролцоо бөхчүүдийг их ажиглаж хардаг. Өнгөрсөн хоёр жил бэлтгэлээ Амарсайхан ахыг дагаж хийсэн. Татдаг, тунгуулдаг, нааддагийг нь сурах гээд үзсэн. Ганц нэг хүн дээр орох юм. Заримдаа орохгүй өөрөө унах юм. Хөдөө орон нутгаас олон түрүүтэй ах нар ирдэг юм аа. Долоон түрүүтэй, зургаан түрүүтэй гээд л. Ах нар нэг хоёрын даваанд уначихвал би дээшээ явчихдаг юм.
Тавын даваанаас хойш зүүний магнай болоод л барилддаг. Тэгээд яах вэ сумын наадамд олон түрүүлсэн аз ёндоо эрэмбээр бөхийн өргөөндөө сайн барилдсан нь яалт ч үгүй миний эрэмбэтэй холбоотой. Дөрөв давчих юм бол цаашаа ам аваад явчихна. Барилдааныг нь харж байгаад таарахаа авна гэдэг чинь их том давуу тал болоод явчихдаг болохоор зургаа түрүүлсэндээ их баярладаг.
Наадам ч тэгээд хэн ёндоотой, хэн азтай, хэн сэтгэл зүй сайтай нь дээшээ явдаг болохоор яаж ч болохгүй юм бас байдаг л юм байна. Унасан алдаагаа бусдад нялзаах ч юу байх вэ. Миний муугаас л хойш.
Энэ жил сайхан учраа бөх болгонтойгоо дараагийнхаа давааг бодохгүй энэ даваагаа л бодож, ажиллаж барилдана л гэсэн бодолтой байгаа. Золгоон дээр очиход өрсөлдөгчийгөө нэлээн муутгасан байртай л барилдана гэж бодож байна” гэлээ.