Баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон дараах гудамж замуудыг хааж зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. Энэ жил төв цэнгэлдэх рүү ирж буй иргэдийг дөрвөн байршлаас нийтийн тээврийн хэрэгсэл тээвэрлэхээр төлөвлөжээ.
1.Дүнжингарав худалдааны төв. Дүнжингарав худалдааны төв дээрээс найман автобусаар 5 минутын давтамжтайгаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд буюу Нийслэл Хүрээний гудамжийг чиглэсэн хөдөлгөөнөөр иргэдийг тээвэрлэнэ.
2.Нарантуул худалдааны төв. Нарантуул худалдааны төвийн зогсоол дээр ирсэн таваас долоон тээврийн хэрэгслүүдээр таван минутын давтамжтайгаар төв цэнгэлдэх рүү хүргэнэ.
3.Мишээл төв. Мишээл худалдааны төвийн зогсоол дээрээс наадамчдын гудамжаар дамжуулаад тэмээтэй хөшөө, сурын талбай, шагайн талбай урд талд иргэдийг байрлуулах, зөөвөрлөх маршрутаар явна.
4.Вокзал буюу мянган авто машины зогсоол дээрээс нарны замаар иргэдийг тээвэрлэж Энхтайваны гүүр давуулаад төрийн далбаатай тойрог дээр буулгана.
Энэ дөрвөн маршрут чиглэлээс иргэдийг тээвэрлэхэд төв цэнгэлдэхийн хойд тал буюу Гандийн гудамж, наадамчдын тойргоос Home плазагийн тойрог хүртэлх Гандигийн гудамж бол бүрэн хаалттай байна. Урд талдаа И Мартын уулзвараас тэмээтэй уулзвар буюу нийслэл хүрээний гудамж мөн энэ наадмын өдрүүдэд хааж байна. Энэ гудмуудаар зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээр дээрх дөрвөн байршлаас тээвэрлэж наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар төлөвлөж байна.
Төв цэнгэлдэх орчимд нийтийн тээврийн хөдөлгөөнд саад болох тээврийн хэрэгсэл зайлшгүй шалтгаанаар эвдэрсэн гэмтсэн ийм тохиолдол гарвал ачиж тээвэрлэх үйл ажиллагааг Улаанбаатар хотын Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 12 ачигч машиныг ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд иргэдийг автобусаар тээвэрлэх явцад саад болгохгүй байхыг анхааруулав.
Орон нутгийн замын хувьд Улаанбаатараас-Дархан, Эрдэнэт чиглэлд нэг гүүр байгууламж эвдэрсэн. Мөн Булган аймгийн нутаг дэвсгэр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрүүдээр усны халиа гүйсэн өөрөөр хэлбэл зорчих хэсгийн баримжаа алдсан учир цагдаагийн алба хаагч нар дараах замуудад хязгаарлалт тавьж иргэдийг аюул багатай байлгахаар ажиллаж байна. Бусад аймгийн нөхцөл байдлын хувьд бороотой байгаа тул цаг үеийн байдлаас хамаараад наадмын өдрүүдэд усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй тул Улсын онцгой комисс Шуурхай комиссоор дамжуулаад цагдаагийн байгууллага бэлэн байдалтай ажиллаж байна гэв.