Үндэсний их баяр наадам хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны уралдаанаар эхэлсэн. Хэчнээн тооны морь уралдаж, хэд нь хасагдсан талаар хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга, хурандаа Г.Ялалтаас тодрууллаа.
-Өнөөдөр хэчнээн морь уралдаанаас хасагдсан бэ?
Өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьд гараанаас уралдаж, амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Хязаалан насанд 13, шүдлэн насанд 9 адуу шүдээр хасагдсан. Бусад нь сэрвээний өндрөөр хасагдсан.
-Өнөөдрийн уралдсан унаач хүүхдүүд болон уралдсан морьд бэртэл гэмтэл авсан уу?
-Уралдааны явцад хязаалан насанд ямар нэгэн асуудал гараагүй. Хүүхэд унах, бэртэх, морь эндэх, доголох зэрэг асуудал гараагүй. Харин шүдлэнд гурван хүүхэд хөнгөн буюу мориноосоо унасан. Бэртэл гэмтэлгүй. Мөн нэг морины хөл хугарсан тул мал эмнэлгийн тусламжийн байгууллага боолт хийж, арга хэмжээ авч ажилласан. Бусад ажил төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтын хэмжээнд үргэлжиллээ.
-Энэ жилийн зохион байгуулалтад хэрхэн анхаарч ажилласан бэ, юунд илүү ач холбогдол өгсөн бэ?
-Энэ жил бид бэлтгэл ажилдаа зориулан чамгүй ажлууд хийсэн. Жишээ нь уяачийн эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх тал дээр уяачдад өөрийнхөө морины талаар мэдээллийг үнэн, зөв бөглөх хуудас гаргаж өгсөн. Тэр хуудаст морины болон өөрийнхөө бүхий л мэдээллийг тусгана. Дараа нь зөрүүтэй, асуудалтай зүйл гарвал морины зүс, шүд, нас болон өөрийнх нь мөн эсэхийг тэндээс баталгаажуулна.
Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэг шинэлэг зүйл нь шүдэлгээнд морьдын зөрчил их гарч байна. Энэ жилийн хязаалан, шүдлэн насуудыг харахад бас л чамгүй олон морь шүдээр хасагдаж байна. Тиймээс энэ ажиллагааг иргэд олон нийтэд үзүүлэх үүднээс камержуулаад, түүнийгээ өргөн дэлгэцээр шууд үзүүлж буй буландаа тавьсан.
Өнөөдөр хязаалан насанд сэрвээний өндрөөр хэмжээд нэлээдгүй маргаан үүслээ. Үүнийн хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Аливаа зүйл хууль, дүрмийн дагуу, түүнд заагдсан хэм хэмжээний хүрээнд явагдах ёстой. Бид бүхэн сэрвээ хэмжих хэн хэмжих вэ, уралдсаны дараа хэмжих үү зэрэг нь уралдааны дүрмээр зохицуулагдсан асуудал. Энэ удаад дүрэмдээ түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэх асуудлыг оруулж ирсэн. Хязаалан дээр бид тодорхой хэмжээнд ХААХҮЯ-ны сайд болон хөдөө аж ахуйн үндсэн мэргэжлийн салбарынхны саналыг сонсож, үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хуульд ч бий. Дээрх саналуудыг тусгаад хяналтын хэмжээс болон уралдаж ирсний дараах өндрийн хэмжээсийг үзэх гэж үзсэн. Энэ нь хуулиар зохицуулагдаж болохгүй учраас үүнийг цуцлаад, шүдлэн дээр бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн. Үүнд ямар нэгэн асуудал гараагүй.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.