Уралдаанч хүүхдийн хувцасны стандартад шагайнаас дээш түрийтэй гутал, шагайвчтай байх ёстой гэж заажээ. Гэвч унаач хүүхдүүдийн 60 хувь шаардлага хангахгүй гуталтай байгааг хүүхдийн эрхийн байцаагч нар хэллээ. Мөн дараагийн насны морьдын уралдаануудад хүүхдэд стандартын шаардлага хангасан гутал өмсүүлэхийг уяачдад анхааруулаад, хязаалан насны морьдыг уралдааны замд гаргажээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Стандартын үндэсний зөвлөл хуралдаж, “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартыг баталсан. Уг стандартыг хэрэглэгчдийн сонирхол, нийгмийн шаардлагад тохирч буй эсэх зэрэг олон судалгааг орон даяар явуулж дүнг нэгтгэсний эцэст Стандартын үндэсний зөвлөл шинэ стандартыг боловсруулан баталсан. MNS 6264:2018 шинэ стандарт батлагдсанаар уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай, хантааз, гутал, бээлий зэрэг хувцсанд тавигдах мөрдлөг тодорхой болсны дээр шаардлага илүү нарийссан юм.