Монгол Улсын харцага Т.Баасанхүүг элдэвтэй барилддаг бөх гэдэг. Бараг л хазахаас бусдыг хийнэ. 2013 онд улсын цол хүртсэний дараахан цолоо ахиулахын төлөө барилдана гэж байсан тэр 2015 онд одтой сайхан барилдаж улсын харцага болсон юм. Түүнтэй бид дахин уулзахаар энэ сард Увс нуур галыг зорин очиж, ярилцахад мөн л цолоо ахиулна гэсээр бидэнтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Харцагын бэлтгэл ханаж байна уу?
-Жил болгон бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд төрийнхөө их баяр наадамд санасан хэмжээндээ сайхан барилдаад, болбол цолоо ахиулах юм сандаа л гэж бодож байна.
Увс нуур галын бөхчүүд наадмын түрүү үзүүрийн төлөө барилдахын төлөө жил бүр л хичээдэг. Багш, дасгалжуулагчид, бөхчүүд гээд дор бүрнээ бэлтгэлээ сайхан сайн хангаж байгаа. Уламжлал ёсоороо Харзтайн амралтдаа гарсан. Мөн манай галын 25 жилийн ой энэ намар тохиож байгаа.
-Танай галд улсын цолонд ойрхон ямар бөхчүүд байна вэ?
-Манай галаас олон сайхан залуу байна аа. Улсын их баяр наадамд хоёр удаа дөрөв давсан Д.Тогтохжаргал арслан, О.Гантулга хурц арслан, Л.Энхсаруул, О.Мөнх-Эрдэнэ, Л.Цээсүрэн, Б.Баянмөнх гээд арслангууд ер нь олон бий. Улсын цолонд хүрэхээр хичээж байгаа эдгээр бөхчүүд маань маш сайн бэлтгэлээ базааж байгаа.
-Бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орлоо шүү дээ. Та байр сууриа илэрхийлээч?
-Хавраас хойшоо хэд ч өөрчлөгдөж байгаа юм. Бүү мэд. Шинэ барьцдаа арай гэж дасаж байхад дахиад барьц ороод ирж байгаа юм. Одоо тэгээд яах вэ. Байгаа дүрэмдээ захирагдана даа гэж бодож байна.
Миний хувьд зөвхөн бөх барилдаад байгаа юм биш. Цаана нь ар гэр маань байгаа. Тэр бүхний төлөө дэмжин барилдуулж байгаа олон компани, байгууллага бий. Энд ярьж нэгийг нь зарлаад нэгийг нь орхихоор хүний сэтгэлд юм хийчих болов уу гэсэн бодолтой байна.
-Үндэсний бөхийн бахархлын талаар та хойч үе болсон залуустаа ярьж өгөөч?
-Хойч залуу үеийн дүү нартаа хэлэхэд үндэсний бөхөөр хичээллэх юм бол зөв сайхан эр хүн болон төлөвшиж, зөв эцэг, зөв үлгэр дуурайлалтай монгол эр хүн болно. Эр хүн шиг эр хүн ямар байдгийг Монгол бөхөөс л хардаг гэж үздэг.
Хэдий өрсөлдөгч ч гэлээ нэгнээ хайрлах сэтгэлтэй, монгол бөхийнхөө дэвжээн дээр ёс суртахуунтай, хүн олныхоо дунд биеэ зөв аваад явчихдаг сайхан эр хүн болж төлөвшөөсэй гэж дүү нартаа захих байна. Жудагтай сайхан эр хүн шиг байгаарай гэж хэлье даа. Үндэсний бөхөө үзэж дэмжээд ирэхээр эр хүн ямар байдгийг харах болов уу. Бидний дархлаа болсон энэ сайхан спортоо үзээсэй л гэж бодож байна.
-Наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлэх үү?
-Намайг сайн барилдаж, цол ахиулаасай гэж боддог нийт дэмжигчид монголынхоо ард түмэнд Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын мэндийг дэвшүүлье. Та бүхэн маань сайхан наадаарай.