Монголчууд эртнээс таван хошуу мал, тэр дундаа морийг эрхэмлэн дээдлэн, шүтэж ирсэн ард түмэн билээ. Учир нь өдөр тутмын уналга ачлагаас эхлэн, дэлхийг байлдан дагуулсан бүхий л үеийг монгол морьгүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Хүний хөл хүрч үзээгүй газрын хэвлийд туурайн мөрөө үлдээсэн монгол морио эдүгээ бид төрийн сүлдэндээ дүрслэн, дэл сүүлээр нь үндэсний хөгжим урлаад зогсохгүй хурдан морины уралдааныг үндэсний баяр наадмын нэг хэсэг болгосон билээ.
Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар 5000-6000 жилийн тэртээ адууг анх гаршуулан унаж эхэлснээс эхлэн найр наадамд уралдуулдаг уламжлал бий болгосон түүхтэй. Хурдан морины уралдаанд аргамаг хурдан хүлгээ шинжин таньж, уяа сойлгыг нь тааруулах нь нүүдэлчин монголчуудын олон зуун жилийн малч ухааны үндсэн дээр бүрэлдсэн мэдлэг, туршлагын баялаг сан юм.
Нутаг бүрд бага зэрэг ялгаатай дүрмээр хурдан морины уралдааныг зохион байгуулж ирсэн хэдий ч 1899 оноос эхлэн морьдыг даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга хэмээн насаар нь ялган уралдуулах болжээ. Тодруулбал, XII жарны шороон үхэр жил буюу 1709 оны зуны дунд сарын 28-ны өдөр Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүтэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны “Халх журам” хэмээх цаазыг гаргахдаа дээр дурдсан зургаан насны морь уралдуулсан түүхтэй.
Хурдан морины шинж
Монголчууд он цагийн уртад хурдан морь таних, уяж сойх арвин их туршлага хуримтлуулжээ. Хурдан морины шинж нь морины бие бялдраас хамаарч харилцан адилгүй хэдий ч монгол морины шинжүүд ерөнхийдөө гадаад, дотоод, нууц гэсэн үндсэн гурван байдлаар илэрдэг.
Гадаад шинж: Морины шинжийн сургаалд хүлэг моринд байх 51 шинжийг тодорхойлсон нь гадаад төрхөөр шинжих арга юм.
13 их: Манлай, эрүү, хөмсөг бүгд яс, нуруу, гэдэс, хөх мах, булчин, омруу, дөрвөн туурай нь их байх;
9 урт: Дөрвөн шилбэ, нуруу, хоншоор сагалдарга, хэл, чих урт байх;
6 бүдүүн: Хоёр чихний уг , толгойн хэв, хөлийн уг, сүүлний уг, умдаг хавирганы матаас бүдүүн байх;
6 нарийн: Хүзүү, моголцог, хоншоор, хоёр чихний мөөгний үзүүр, салтаа бэрэвхий нарийн байх;
5 богино: Богтос чөмөг, хазлуур, хондлой, сүүл, бэрэвхий богино байх;
9 агуу: Дөрвөн туурай, хамрын нүх, хоёр нүдний хонхор, омруу, салтаа агуу байх;
3 өндөр хэрэгтэй гэгч: Дух овоо, мундаа, харгам зэрэг багтана.
Дотоод шинж: Морины дотоод шинжийг толгойн хэсгээр нь таньдаг.
Нүд, чих: Зүрхний шинж;
Хамрын нүх болон самсаа: Уушгины шинж;
Чих: Бөөрний шинж;
Хэл: Элэгний шинж;
Буйл: Дэлүүний шинж тус тус илэрнэ.
Нууц шинж: Морины шинжийн судрын “Чихэр амт” хэмээх бүлэгт нууц шинжийн тухай тодорхой өгүүлдэг бөгөөд энэ шинж нь зөвхөн шүдэнд илэрдэг.