Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүн угтав.
Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана.
Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох бөгөөд Ерөнхийлөгч С.Н.Жапаровт УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхана.
Айлчлал Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчилж байна.