Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Истанбулд уулзлаа. Тэд дайнд олзлогдогсдын нөхцөл байдлын талаар ярилцсан ба Туркийн удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уг асуудлыг хэлэлцэхээ амлажээ.
В.Зеленский хэвлэлийн бага хурлын үеэр “улс төрийн хоригдлууд болон албадан гаргасан хүүхдүүд” нь түүний Истанбулд Эрдогантай хийсэн яриа хэлэлцээний гол сэдэв байсныг онцлов. Тухайлбал, "Миний болон Ерөнхийлөгч Р.Т. Эрдоганы хувьд хүний амь нас нэн тэргүүнд тавигддаг" гэж В.Зеленский хэлээд уг асуудлаар идэвхтэй ажиллаж байгаагаа хэлжээ. Харин Р.Т.Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгчтэй наймдугаар сард уулзахдаа дээрх асуудлуудыг хэлэлцэхээр болсон байна. Тэрбээр“Хоригдол солилцооны талаар бид Украины асуудлыг сонссон. Бид бас Оросыг сонсож байна. Би В.Путинтэй ярилцсан. Ирэх сард В.Путин Туркт айлчлах үед бид энэ талаар дахин ярих боломжтой. Тэр болтол утсаар ярих болно. Хоригдол солилцох асуудал бидний хэлэлцэх гол асуудлын нэг. Энэ асуудалд ч шийдэл гарна гэж найдаж байна” гэжээ. Түүнчлэн Украин НАТО-гийн гишүүн орон болж болох талаар Туркийн ерөнхийлөгч дурдсаныг гадны хэвлэлүүд онцолж байна.
SOURCE: CNN