Поп дуучин Коко Лигийн үхэл Хятадын нийгмийг цочирдуулж, олон нийтийн сүлжээгээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэлээ.
Өнгөрсөн амралтын өдрөөр амиа хорлохыг завдсаны дараа дуучин бүсгүй комд орсон ч удалгүй нас барсан гэж түүний эгч Кэрол, Нэнси нар фэйсбүүк хуудсандаа бичсэн. Тэрбээр 48 настай байжээ. Тэд мөн түүнийг сүүлийн жилүүдэд сэтгэлийн хямралд өртөж байсныг олон нийтэд хэлсэн. Хятадад алдартай, Хонг-Конг гаралтай Америкийн дуучин тайзан дээр болон олны өмнө эрч хүч, инээмсэглэлээрээ дурсагдсан нэгэн байсан юм. Тиймээс лхагва гаригийн шөнө болсон мэдээ гарсны дараа олон хүн түүний үхэлд итгэж чадахгүй байв. Тухайлбал, "Би үүнд итгэж чадахгүй байна. Тэр үргэлж дуулж, бүжиглэж, инээмсэглэх дуртай нар шиг л охин байсан" гэж Хятадын Твиттертэй төстэй Вэйбо гэх платформ дээр бичэн сэтгэгдэлд 3000 гаруй хүн лайк дарж, мөн сэтгэгдлээ хуваалцжээ.
Цахим сүлжээ хэрэглэгчид "Тэгвэл энэ дэлхий дээр аз жаргалтай хүн ер нь байдаг юм уу?” гэх мэтчилэн ар араасаа түүнийг дурсаж, сэтгэгдлээ илэрхийлцгээж байна. Түүний үхэл олон хүнийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулахад хүргэсэн юм. Хятадын цахим сүлжээнд "Сэтгэлийн хямрал танд хэр ойрхон байна вэ", "Сэтгэлийн хямралын шинж тэмдэг" гэх мэт хаштагууд трэнд болж, CCTV, People's Daily, China Daily зэрэг төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгэл гутрал, сэтгэцийн өвчний талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх контентыг нийтэлжээ. Шанхайн Нью-Йоркийн их сургуулийн социологийн тэнхимийн туслах профессор, доктор Жиа Миао хэлэхдээ "Энэ нь улам бүр тулгамдсан асуудал болж байгааг хүмүүс мэдэрч эхэллээ" гэсэн байна.
SOURCE: BBC