Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар Монгол Улсын Гавьяат багш цол хүртжээ.
Уг академи 2010 онд байгуулагдсан ба дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг хамруулжээ. Эдгээр тэмцээнд хамгийн бага нь 2 настай, хамгийн ахмад нь 73 настай тамирчид оролцож байсан бөгөөд оюуны спортод насны хязгаар байхгүй. Эндээс шалгарсан шилдэг тамирчдаасаа шигшээ багаа бүрдүүлж, олон улсын 54 тэмцээнд оролцсон. Одоогийн байдлаар ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж, нийтдээ 937 медалийг хүртээд байна. Дэлхийн 54 дээд амжилтын 30-ийг манай тус академийн сурагчид эзэмшдэг байна.