УИХ-ын аврын ээлжилт чуулган өнөөдрөөр өндөрлөж буй. Чуулганаар УИХ-ын дарга Г.Зандаршатар дараах зүйлийг хэллээ.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган ажлын 82 өдөр үргэлжилж, 200 шахам хууль, УИХ-ын 65 тогтоол баталснаар өндөрлөж байна.
Чуулганыг хааж хэлэх үгийнхээ эхэнд гамшгийн хэмжээнд хүрээд буй үер усны асуудалд та бүхний анхаарлыг хандуулъя. Улаанбаатар хотын нэг хэсэг, зарим аймаг, хот суурин газрууд үерийн усанд автаад байна. Нийслэлийн Сэлбэ голын дагуух 26 хорооны 31.6 мянган өрхийн 128 мянган хүн энэ үерт өртөөд байна. Нийт 11 байршилд гудамж, зам, 108 барилга байгууламж усанд автаж, 19 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болоод байна. Орон гэр нь усанд автаж, тог цахилгаангүй болсон айл өрх, ард иргэд эд хөрөнгөө биш, амь насаа бодохоос аргагүй байдалд хүрчээ.
Гамшигт байдал өндөр настнууд, нялх балчир хүүхдүүдэд онцгой хүндээр тусаж байна. Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 7-р сарын 8-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж байна. Ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж байна. Цаг наргүй, хүч нөөц, байгаа бүхнээ шавхан ажиллаж байгаа нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын ажилтан, алба хаагчдад УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Гэвч тэдэнд нэмэлт хүч, тусламж дэмжлэг хэрэгтэй байна. Тиймээс шуурхай зохион байгуулалт хийж, шаардлагатай бол бусад боломж, нөөцийг татан оролцуулах шаардлагатай байна.
УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн Нийслэлийн Засаг дарга, холбогдох байгууллага, иргэд сонгогчидтойгоо хамтарч, өөрөөс хамаарах дэмжлэг туслалцааг үзүүлэхэд анхаарахыг хүсье. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наадмын өдрүүдэд ч бороо устай байж магадгүй байгааг хаа хаанаа бодолцох хэрэгтэй. Тэнгэр онгойж, бороо татарч, үер усны аюул холдоно оо. Дараа нь яах вэ гэдгээ одооноос төлөвлөх хэрэгтэй байна. Задарсан далан, усанд автсан гудамж талбайг засаж сайжруулах, цаашид учирч болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Үер усанд автсан газарт бохирдлоос үүдэлтэй халдварт өвчний нөхцөл үүсдэгийг манай эрүүл мэндийн байгууллагынхан сайн мэддэг. Тиймээс авах арга хэмжээгээ тооцож төлөвлөж байгаа гэдэгт найдаж байна. Энэ эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад холбогдох бүхий л байгууллагуудын хамтын оролцоо, иргэд оршин суугчдын сэтгэл зүтгэл нэн чухал байгааг онцлон тэмдэглэе.
УИХ-ын эрхэм гишүүд ээ, Үүссэн үерийн нөхцөл байдал нь хот төлөвлөлтийн алдаа завхрал, замбараагүй газар олголттой холбоотой нь хэнд ч тодорхой байна. Энэ бүхэн бол засаглал сул, авлига газар авсны нэг үр дагавар гарцаагүй мөн. Чухам тийм учраас хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ миний бие “Энэ удаагийн чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно” гэж хэлсэн юм. Үүний дагуу энэ удаагийн чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиудыг баталж гаргалаа. Авлигаас ангид нийгэм, авлигаас татгалздаг, ёс зүйтэй төрийн албан хаагч эрүүл нийгэм, шударга төр оршихуйн үндэс билээ. Авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэх ёстой. Ингэж байж бид төрийг авлигаас ангижруулж чадна. Бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтооход шинээр баталсан хөтөлбөр чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа гагцхүү хуульд захирагддаг, ёс зүй, хариуцлагад суурилдаг байх ёстой. Энэ зарчмыг бид хуульд тусгасан. Энэ чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төрийн зарим өндөр албан тушаалтнууд болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг болон төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглосон агуулга бүхий заалтууд орсон. Шударга ёсыг тогтооход, алба тушаал, эрх мэдлээр далимдуулан бусдаас давуу байдал эдлэх боломжийг хязгаарлахад энэ хуулийн зохицуулалт чиглэж байгаа юм. Энэ дашрамд УИХ хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй ажлын талаар товч дурдъя гэж бодож байна. Хөгжлийн банкны, нүүрсний гэх мэт олны анхаарлыг татсан, авлига үнэртсэн асуудлуудаар УИХ Түр хороод байгуулан ажиллаж байгаа. Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийн асуудалтай холбоотой 7.8 их наяд төгрөгийн хэргийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалсан Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 3 үе шаттай хийсэн. Сонсголын хэлбэр, үр дүн олны анхааралд орж чадсан. Түүнчлэн саяхан болсон Хөгжлийн банкны хэргийг шүүсэн шүүх хуралд сонсголын үр дүн дөхөм үзүүлсэн байх аа. “Нүүрсний” асуудлаар Түр хороо байгуулан ажиллуулж байгаа.