Украины баруун хэсэгт орших Львов хотод Оросын арми ээлжит агаарын цохилтоо өгч, гурван хүн амь үрэгдлээ гэж орон нутгийн захирагч нь мэдэгдлээ. Түүний хэлснээр өөр найман хүн шархадсаны нэгийнх нь биеийн байдал тун хүнд байгаа аж.
Түүнчлэн нуранги дор олон хүн дарагдсан байж болзошгүй байна. Харин бүс нутгийн захирагч Максым Козыцкийн хэлснээр энэ удаагийн агаарын цохилт Львов хотын "нэн чухал дэд бүтцийн байгууламж"-ийг онилсон байна. Одоогоор ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн халдлагын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Львов хотын захирагч Садовый дөрвөн давхар барилгын хагарсан цонхыг харуулсан бичлэг нийтэлсэн ба уг бичлэгт эвдэрсэн машин, хог хаягдал дүүрэн харагджээ. Тэрбээр 50 гаруй орон сууц, мөн ижил тооны автомашин эвдэрч сүйдсэн гэсэн байна. Албаныхан хэдийн хоёр хүнийг нурангиас гаргаж чадсан ч аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. Харин бүс нутгийн захирагч "Оросын гол зорилго бол Украины ард түмнийг устгах явдал юм. Гэхдээ бид ялах болно" гэжээ.
SOURCE: BBC