Үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хот үерт автлаа. Онцгой байдал, цагдаагийнхан, цэргийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажилласан ч ус далан давах эрсдэл үүрч, илүү их хүн хүч хэрэгтэй болсон юм. Иймээс оршин суугчид гэрээсээ ирж далангийн шороо зөөхөд тусаллаа. Иргэдийн хэлж байгаагаар, өнөөдөр хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон ч хотын удирдлагуудын хариуцлагагүй, хэнэггүй байдлаас болж, нийтээрээ өмч хөрөнгөөрөө хохироход хүрлээ гэсэн юм. Тухайлбал, Сэлбэ гол, дунд гол дагуу S-Outlets дэлгүүр, Авлига хороолол зэргийг барьснаас шалтгаалж, голын гольдролыг хаасан. Улмаар хоёр хоногийн шиврээ бороонд гол үерлэж, усанд автах шалтгаан боллоо хэмээн бухимдлаа. Тиймээс хууль зөрчиж барьсан барилгуудыг нэн даруй буулгахыг шаардсан юм.
Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны иргэн Н.Халиун “Бид өдрийн 13 цагаас хойш шороо зөөгөөд далан босгоод байж байна. Манай хороо руу одоогоор ус ороогүй. Гэхдээ орох магадлал өндөр байна. ТЭЦ-4-ийн тэнд ус боогдоод байна гэж сонслоо. Сайн сэтлээд, усыг нь гаргах боломж байдаггүй юм болов уу.
Хоёрдугаарт, хүчтэй бороо зөндөө л орж байсан. Гэхдээ хэзээ ч ийм юм болж байгаагүй. Энэ юунаас болов оо гэхээр голын хамгаалалын бүс дотор “Ривер Вилла” хороолол баригдсан, “Авлига” хорооллыг барьж эхэлсэн, “S outlets” дэлгүүрийг барьснаас болсон гэж харж байна. Америкийн элчингээс эхлээд л ус хальж байна. Голын хоёр талаар байгаа асар олон айл эд хөрөнгөөрөө хохирч байна. Бид орон гэргүй болбол хэн хариуцлага хүлээх вэ? Ривер Вилла хороолол, “Их наяд” цогцолбор, “Авлига” хороолол, “S outlets” дэлгүүрийг нурааж өгөөч ээ гэж хэлмээр байна. Дунд голын эрэг дээр хана барьж байгаад барилга барьсан газрууддаа хариуцлалага тооц. Айлуудын гарааш руу нь ус орлоо. Байшингийн сууриных нь чанар алдагдаж байна. Дараагийн үерээр хөрсний гулгалт үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ. Гол дотор барилга барьсан хүмүүс хариуцлага хүлээх үү? Энэ асуудлаа шийдмээр байна” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.