Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г хүлээн авч уулзана. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лок Сабха-гийн дарга Ом Бирла-д бараалхана.
Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Маргааш Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.