Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн газар усанд автаж, орон сууцны хотхон хорооллын зоорийн давхар усаар дүүрчээ. Тэдгээрээс хамгийн хүнд нөхцөлд байгаа нь Баянзүрх дүүргийн 43-р хорооны нутаг дэвсгэр буюу Сэлбэ гол дагуух Улаанбаатар буянгийн замын эсрэг талын орон сууцууд.
Албаныхан өчигдөр Сэлбэ голын үерийн даланг хүчитгэж шороо асгасан ч Сэлбэ голын далан Буян компанийн талаасаа дахин сэтэрчээ. Тиймээс элс, шороо зөөх зэргээр шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссэн бөгөөд машинууд түгжрэлд саатаж, цаг алдаж буй аж.
Мөн усанд автсан хэд хэдэн авто замыг тодорхойгүй хугацаагаар хаасан тул замын хөдөлгөөн удааширч тэг зогсолтын хэмжээнд хүрэх эрсдэлтэйг онцгой байдлын алба хаагч анхааруулсан.
Тиймээс иргэд ажлын цагаа зохицуулж аль болох машинаа орхиж, замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг үерийн аюулыг арилгах чиглэлд ажиллаж буй Нийслэлийн онцгой комиссоос анхаарууллаа.