НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн бүрэн эрхийн хугацааг нэг жилээр сунгажээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “НАТО-гийн гишүүн орнууд миний бүрэн эрхийн хугацааг 2024 оны 10 дугаар сарын 1 хүртэл сунгалаа” гэж жиргэсэн байна. Үүгээр зогсохгүй, “Европ, Хойд Америкийг дамнасан холбоо нь бараг 75 жилийн турш бидний эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулж ирсэн бөгөөд хэзээ хэзээнээс аюултай болсон энэ ертөнцөд манай холбоо урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна” гэжээ.
Йенс Столтенберг нь өмнө нь Норвегийн ерөнхий сайд байсан ба НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргаар 2014 онд томилогдсон юм. Хэдий түүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн жил дуусах ёстой байсан ч Орос, Украины дайнаас болоод мөн сунгагдаж байсан удаатай. НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт 7-р сарын 11-нээс 12-ны хооронд Литвийн Вильнюс хотод зохион байгуулагдана. Энэ үеэр тэд дараагийн тэргүүнийг сонгох ёстой байсан ч тохирох нэр дэвшигчид санал нэгдэж чадаагүй байна.
SOURCE: AP NEWS