Фүкүшимагийн цөмийн станцаас хаягдал усыг гаргах Японы маргаантай төлөвлөгөө нь дотоод болон гадаадад түгшүүр, уур хилэнг бий болгов.
2011 оны цунами тус станцад ноцтой хохирол учруулсан тул тэнд сая гаруй тонн хаягдал ус хуримтлагдсан байна. Японы засгийн газар одоо үүнийг Номхон далайд цутгаж эхлэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.
НҮБ-ын цөмийн асуудал хариуцсан байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг Японы төлөвлөгөөг дэмжсэн тайлан мэдээг нийтэлсэн. Гэвч энэ асуудал хоёр жилийн өмнө олон нийтэд мэдэгдсэнээсээ хойш л Японд ихээхэн маргаан дагуулж, нутгийн иргэд бохирдлын талаар санаа зовж байгаагаа илэрхийлж эхлэхэд хүргэсэн байдаг. Япон дахь загас агнуур, далайн бүтээгдэхүүний салбарын хүмүүс хэрэглэгчид далайн хоол худалдаж авахаас зайлсхийх вий гэж эмээж буйгаа хэлж эхэлсэн.
Энэ асуудалд мөн Японы хөрш орнууд ч тийм таатай хандахгүй байна. Тухайлбал, Хятад улс уг асуудлаар хамгийн их шуугиан дэгдээж, Япон улсыг далайг "хувийн бохирын суваг" гэж үзэж байна гэж буруутгаж байна. Хятадыг эрх баригчид Мягмар гарагт ОУАЭА-ийн тайланг шүүмжилж, тэдний дүгнэлт нь "нэг талыг барьсан" гэж мэдэгдсэн юм.
SOURCE: BBC