Сэлбэ голын орчимд алба хаагчид ажиллаж байх үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Үертэй холбоотой асуудлаар тогтоол гаргасан. Засгийн Газрын хуралдаанд оролцож, УОК-ын даргатай ч ярилцлаа. Айж балмагдах хэрэггүй. Зохих ёсны арга хэмжээг шуурхай авч ажиллана. Ажлын багаж хэрэгслийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн байгаа. Хотын орлогч Ж.Сандагсүрэнд нарийн тооцоолол, хүн хүчний хуваарилалт хийгдэж байгаа. Нөөц хөрөнгө – санхүү бэлтгэх, өмч хөрөнгө, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд тавина. Стандарт зөрчсөн гүүрүүд их байна. Тэд голын урсцыг боож байна. Энэ гүүрүүдийг буулгана. 4-5 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана. Төрийн наадам хэвийн явагдах ёстой.
Хот төлөвлөлтийн асуудлыг та бүхэн ярих гэж байгаа байх. Бид өнгөрсөн жилийн алдаанаас үүдсэн бүхнийг эхнээс нь засаж, сайжруулах гэж байгаа" гэлээ.