Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ нь Рио Тинто Монгол ХХХ-ийн дэмжлэгтэйгээр Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2023 оны 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд СУИС-ийн багш, оюутнууд зэрэг 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Хүй Долоон Худгийн “Монгол Наадам” цогцолборт 15 дахь жилдээ зохион байгуулна.
“Соёлын наадам” нь 2008 оноос зохион байгуулагдаж, 2015 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаж, өдгөө Монголчуудын хүсэн хүлээдэг наадам болсон билээ.
Наадмын зорилго нь наадамчин олонд Монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, соёл, уламжлалаа хайрлан хүндэтгэх, эрхэмлэн дээдлэх сэтгэгдлийг төрүүлэх, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Наадмын хүрээнд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ (уламжлалт бүжиг), хөөмий, Монгол тууль гэх мэт язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” ардын урлагийн тоглолт болох бөгөөд монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-Соёлын отог” асруудаар аялж, “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”, “Казах соёлын гэр”-ээр зочилж, Цаатан түмний урцанд саатан, ардын уламжлалт тоглоом наадгай, нүүр будалт ба хөрөг зураг, уран бичлэг, эсгий урлал, монгол угсаатны хувцас, эд өлгийн зүйлстэй танилцаж, “Аварга Монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжтой.
“Соёлын наадам”-ыг Монгол Улсын Соёлын яам, СУИС, Монголын Урлагийн Зөвлөл, “Монгол Наадам” цогцолбор хамтран зохион байгуулж, соёлын өвийг дээдлэгч Рио Тинто Монгол компани дэмжин ажиллах ба “Соёлын наадам”-ын хэвлэлийн бага хурал 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 12:00 цагт МОНЦАМЭ агентлагийн хурлын танхимд болох ба дэлгэрэнгүй мэдээллийг хуралд хүрэлцэн ирж авна уу.
Зохион байгуулагч: Соёл Урлагийн Их Сургууль
Монголын Урлагийн Зөвлөл
Хамтран зохион байгуулагчид: Монгол Улсын Соёлын яам
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ
Ерөнхий ивээн тэтгэгч: Рио Тинто Монгол компани