Сөүл хотод удирдаачийн индэрт гарч, БНСУ-ын үндэсний найрал хөгжмийн тоглолтыг удирдан чиглүүлсэн “EveR 6” нэртэй андроид робот нь тус улсад анх удаа ийм оролдлого хийсэн робот болж, олныг гайхшрууллаа.
Солонгосын Аж үйлдвэрийн технологийн хүрээлэнгийн зохион бүтээсэн хоёр гартай робот нь Солонгосын үндэсний театрт тус улсын үндэсний найрал хөгжмийн тэргүүлэгч хөгжимчдийн өмнө ийн анхны тоглолтоо хийлээ. Хүн шиг царайтай робот эхлээд үзэгчдийн өмнө бөхийж, хөгжмийн хэмнэлийг хянахын тулд гараа даллаж эхэлжээ. Баасан гарагийн тоглолтыг роботтой хамт удирдсан Чой Сүн Ёул "Удирдагч хүний хөдөлгөөн маш нарийн байдаг. Робот ийм нарийвчилсан хөдөлгөөнийг миний төсөөлж байснаас хамаагүй дээр харуулж чадсан" гэжээ.
Гэвч уг робот нь сонсож чадахгүй тул нэмэлт хөгжүүлэлт шаардлагатай байгаа аж. Ийнхүү роботууд урлагийн буюу маш нарийн мэдрэмж шаардсан салбаруудад хүч түрэн орж ирснээр цаашид энэ салбар дахь оролцоо нь улам нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд дүгнэхэд хүрч байна.
SOURCE: CNN