Вагнерын хөлсний бүлэглэл зургадугаар сард бослого гаргаснаас хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа дэлхийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэх гэж байна. Тэрбээр мягмар гарагт болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний цахим уулзалтад Хятад, Энэтхэг, Пакистан болон Төв Азийн дөрвөн орны удирдагчидтай нэгдэнэ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди АНУ-д төрийн айлчлал хийснээс хойш хоёр долоо хоногийн дараа болж буй уг дээд хэмжээний уулзалтыг энэ жил Энэтхэг улс даргалж байгаа юм. Уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, Афганистан зэрэг асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Гэхдээ хамгийн чухал нь ШХАБ нь Украины дайныг үл харгалзан В.Путиныг дэлхийн тавцанд хүлээн авч, сонсдог гэдгээ харуулах индэр болно гэж шинжээчид дүгнэж байна.
В.Путин үг хэлэх үедээ барууны орнуудыг Украинд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулж магадгүй. Энэ нь харин Энэтхэгт тийм ч таатай байхгүй нь лавтай. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Энэтхэг улс терроризмын эсрэг арга хэмжээ, худалдаа, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилт, хар тамхины худалдаа, хүнсний аюулгүй байдал, мөнгө угаах зэрэгт амлалт өгөх зэрэг бодит үр дүнд хүрэхийг хүсч байгаа. Уулзалт мөн виртуал байдлаар явагдаж байгаа тул хоёр талын хэлэлцээрүүд хийгдэх боломжгүй байна. Гэхдээ 9-р сард Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг Энэтхэг улс мөн зохион байгуулах тул тус улсын хувьд энэ жил маш том үйл явдлуудаар дүүрэн байх нь. Уг хоёр форум нь өөр өөр тэргүүлэх чиглэл, геополитикийн эвсэлтэй бөгөөд энэ нь Энэтхэгт томоохон сорилт болж байгаа юм. Нарендра Моди АНУ-тай батлан хамгаалах салбарт томоохон гэрээ байгуулсан боловч хамтарсан мэдэгдэлд мөн Оросын Украин дахь дайн, Энэтхэг Номхон далай дахь Хятадын нөлөө нэмэгдэж байгааг шууд бусаар дурдсан билээ.
SOURCE: BBC