Украин Москвад дроны цохилт өгч, Внуково олон улсын нисэх онгоцны буудлын зарим нислэгүүд өөрчлөгдөхөд хүргэсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Мягмар гарагийн уг халдлагад таван дрон буюу нисгэгчгүй онгоц ашигласан гэж мэдээлсэн бөгөөд энэ нь мөн нийслэл орчмын бүс нутгийг онилсон байна. ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдээлснээр бүх нисгэгчгүй онгоцыг устгасан бөгөөд хохирол учраагүй байна. Уг халдлагад Украины тал хариуцлага хүлээхгүй буюу ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Внуково нисэх онгоцны буудал нь Москвагийн олон улсын гурван нисэх буудлын нэг аж.
Оросын батлан хамгаалах яамны мэдээлснээр, Москвад нисэж байсан нисгэгчгүй онгоцнуудын дөрвийг агаарын довтолгооноос хамгаалах системээр буудаж устгасан бол тав дахь нь осолдсон гэнэ. "Олон улсын нисэх онгоцны буудал зэрэг иргэний дэд бүтэц байрладаг бүс рүү Киев халдах оролдлого хийсэн нь террорист үйлдэл мөн" гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Телеграм хуудаснаа мөн бичжээ. Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр нисгэгчгүй онгоцнуудын нэг нь тус хотын баруун өмнөд хэсэгт орших Внуково нисэх онгоцны буудлаас 36 км-ийн зайд орших Кубинка тосгонд унасан байна. Энэ нь Москваг онилсон нисгэгчгүй онгоцны анхны халдлага биш юм. Тухайлбал, энэ хавар Кремль рүү онилсон нисгэгчгүй онгоцны халдлагад Оросын тал Украиныг буруутгаад байгаа. Украин эл хоёр мэдэгдлийг аль алиныг нь няцаагаад буй.
Үүний зэрэгцээ, Даваа гарагт Украины хойд хэсгийн Сумы хотод Оросын нисгэгчгүй онгоц халдлага үйлдсэний улмаас амь үрэгдэгсдийн тоо гурав хүртэл нэмэгдлээ гэж орон нутгийн хотын дарга мэдэгдсэн байна. Халдлагаас болж өөр хэд хэдэн хүн мөн шархадсан байна.
SOURCE: BBC