Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Бээжин хотноо Монгол, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгууллаа. Энэ үеэр Монгол, Хятадын ААН-үүд нийт 3 тэрбум юанийн үнэлгээ бүхий гэрээг байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар, хоёр орны гадаад худалдааны эргэлт 7 тэрбум ам.доллар байна. Үүнийг 20 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Форумын үеэр Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар юу онцолсныг хүргэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Монгол, Хятадын худалдааны гол төвлөрөл нь зөвхөн нүүрс биш. Эдийн засгийн бусад салбаруудад ч бидэнд боломж бий. Үүн дээрээ төвлөрч ажиллая гэдэг асуудлыг дэвшүүлж байна. Тухайлбал, эрчим хүчний салбар. “Нэг бүс-нэг зам” гэсэн бүс нутгийн интеграцичлалын асуудал дээрээ бид хамтарч ажиллах ёстой. Үүнд Монгол улсын оролцоо өндөр байх ёстой гэдэг дээр Хятадын талаас уриалж, бидэнд шинэ чиг хандлага тавьж байгаа нь ач холбогдолтой юм гэж харж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Иргэн, ААН, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтцийг бид бий болгохоор зорьж байна. Тиймээс манай Засгийн газар итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх зарчмаа баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчинг шинэ шатанд гаргах эрх зүйн реформыг хийсээр байна. Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 7500 ААН байна. Монгол улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой тууштай байж, эдийн засгийн нэг цонхоор харилцах томоохон тогтолцоог бид цаашдаа хэрэгжүүлнэ. Монгол улс хөрөнгө оруулагчдаараа, Монголын “за андгай буй за” гэсэн язгуур үнэт зүйлдээ үнэнч байж, эдийн засаг болон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллаж чадна гэдгээ Засгийн газар нотлох болно.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.