"Amerisleep" гудас, ор дэрний цагаан хэрэглэлийн компаний хийсэн судалгаагаар ойр ойрхон угаадаггүй ор дэрний цагаан хэрэглэл нь таны төсөөлж болох хамгийн бохир газруудаас ч их хэмжээний бактери агуулдаг болохыг тогтоожээ. Үүнд жорлон, шүдний сойз, нохойн хоолны таваг зэргийг дурдаж болно.
Гэхдээ угаалга хийхгүй удах тусам олон бактери үүсэх нь угаас гайхмаар зүйл биш аж. “Amerisleep” ор дэрний даавууны нянгийн талаарх үнэнийг илрүүлэхийн тулд судалгаа хийж, сайн дурын гурван хүнээс дөрвөн долоо хоногийн турш даавуу, дэрний уутаа угаахгүй байх, долоо хоног бүр арчдасжуулахыг хүссэн байна. Дараа нь эдгээр цуглуулсан бактерийн дээжийг шинжилж, дээрх үр дүнг танилцуулжээ. Тэд долоо хоног угаагаагүй дэрний уутыг нэг квадрат инч тутамд дунджаар 3 сая колони бүхий нян тээж байсныг олж мэдсэн нь жорлонгийн суултуураас 17 мянга дахин их байна.
Үүний зэрэгцээ тэдний даавуу долоо хоногийн дараа 5 сая колони бүхий нян тээж байсан нь угаалгын өрөөний хаалганы бариулаас бараг 25 мянга дахин их гарчээ. Түүнчлэн угаахгүйгээр нэмж долоо хоног өнгөрөх тусам даавуу, дэрний уутны нэг квадрат инч тутамд нянгийн хэмжээ нэмэгдэж байгааг илрүүлсэн. Бүтэн сарын турш угаалга хийгээгүй байхад дэрний уут дунджаар 12 сая колони бүхий нян тээж байсан нь гэрийн тэжээвэр амьтдын аяганаас 39 дахин их байжээ. Иймээс цагаан хэрэглэл, дэрний уутаа тогтмол угааж байхыг судлаачид зөвлөжээ.
SOURCE: REALSIMPLE