Вагнер бүлэглэл Оросын армийг орхисон нь тэдний байлдааны чадавхид нөлөөлөхгүй гэж Оросын парламентын доод танхимын Батлан хамгаалах хорооны дарга, хурандаа генерал Андрей Картаполов хэлснийг ТАСС агентлаг мэдээллээ.
Тэрбээр “Оросын арми Украины сөрөг довтолгоог амжилттай хааж чадаж байгаа” гэсэн байна. Түүнчлэн нэмж цэрэг татлага хийх шаардлагагүй гэжээ. Нөгөө талд, Украины арми өнгөрсөн долоо хоногт Оросын цэргүүдтэй ширүүн тулалдаж, зүүн болон өмнөд фронтод хүчээ авч, 37.4 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг эргүүлэн авсан гэж Украины талаас мэдэгдэв. Тодруулбал, Украины зэвсэгт хүчин Бахмутын зүг давшиж байна гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар мэдэгдээд, Оросын цэргүүд Донецк мужийн Лайман, Авдиевка, Мариинка чиглэлд довтолж байгааг мөн мэдээлсэн байна.
Украины арми үйл тактикийн байрлалаа сайжруулсны үр дүнд зүүн фронтын дагуух есөн хавтгай дөрвөлжин километр талбайг өнгөрсөн долоо хоногт эргүүлэн авсныг мөн Украины эрх баригчид мэдэгджээ. Талуудын байлдаан Вагнерын бослогоос хойш улам ширүүсэж байна гэж гадны хэвлэлүүд дүгнэж байгаа юм.
SOURCE: AL JAZEERA