Замын цагдаа зогс гэсэн ч түүний үгийг дагаагүй 17 настай хүүг цагдаа буудсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн эхээр Францад болсон. Үүний улмаас Францын нийслэлд нэг шөнийн дотор эсэргүүцлийн жагсаал газар авч эхэлсэн. Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгт тухайн хэрэг үйлдсэн цагдаа нэг машины жолооч руу буу тулгаж байгаа нь харагджээ.
Удалгүй буун дуу гарч, машин зогссон байна. Хохирогч Наел М нь цээжиндээ шарх авсны улмаас нас барсан байна. Түүнийг буудсан хэрэгт буруутгагдаж буй офицерыг хүн амины хэргээр саатуулсан. Өсвөр насны хүү амиа алдсан Парисын баруун талд орших Нантерре орчимд хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал өрнөж, өдгөө улс даяар эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөллөө. Хүүгийн ээж цагдаа нарыг бүхэлд нь энэ хэрэгт холбохгүй байхыг хүсэж, зөвхөн хүүгийнх нь аминд хүрсэн цагдаад л хариуцлага тооцох ёстойг хэлж байсан юм. Тэрбээр “Тэр цагдаа нэг Араб хүүгийн царайг харсан, тэгээд л буудсан байх даа” гэжээ. Франц даяар энэ хэргийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэмээн бухимдлаа илэрхийлж эхэлсэн юм. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон жагсагчдыг цагдаад буудуулж нас барсан өсвөр насны хүүхдийн үхлийг далимдуулан үймээн самуун үүсгэж байна гэж буруутгажээ. Тэрбээр хүчирхийллийг дарахын тулд цагдаа нарыг нэмж ажиллуулна гэж мэдэгдсэн ч онц байдал зарлахаа больсон байна.
Тухайлбал, амралтын өдрүүдээр Франц даяар 45000 цагдаа байршуулсан ба 700 гаруй хүнийг баривчилсан юм. Э.Макрон эцэг эхчүүдийг хүүхдүүдээ гэртээ байлгаж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх тодорхой контентуудыг устгахыг уриалав. Түүнчлэн үймээн самуун дэгдээсэн хэргээр баривчлагдсан хүмүүсийн гуравны нэг орчим нь "өсвөр насныхан байна" гэж хэлсэн бол Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин зарим нь 13-аас доош насныхан байсан гэдгийг тодотголоо. Тиймээс эцэг эхчүүдээс арга хэмжээ авахыг хүсэж, жагсаал хийх гэж байгаа аливаа хүүхдийг "гэртээ" байлгах нь тэдний "үүрэг хариуцлага" гэж хэлэв. Э.Макрон сүүлийн гурван өдрийн үйл явдлыг "маш хатуугаар" зэмлэн буруушааж, Нахелын үхлийг хүчирхийллийн үйлдлийг зөвтгөхөд ашигласан гэсэн юм. Францад эхэлсэн жагсаал үймээн самуун болж, гурван давхар барилга, цагдаагийн машин шатахад хүргээд байна.
Наэл М нь энэ жил Францад замын хөдөлгөөний улмаас цагдаа буудаж амиа алдсан хоёр дахь хүн болж байна. Өнгөрсөн онд ийм байдлаар 13 хүн нас барсан байдаг.