Монгол улсын гадаад бодлогын талаар олон улс судлаач, дипломатч, элчин сайд асан Д.Баярхүүтэй ярилцлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан ОХУ-д айлчилсан. Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна. Олон улсын харилцааны асуудал эмзэг. Гэтэл олон нийтийн дунд Орос руу хандарлаа. Хятадад тал заслаа ч гэх яриа гарах юм. Хоёр хөрштэйгээ харилцах харилцаа, цаашлаад гуравдагч хөршийн харилцаа бидэнд яагаад чухал юм бэ?
Монгол улсын гадаад бодлого өөрөө их онцлогтой. Манай геополитикийн байршил, гадаад орчны нөхцөл байдал нь түүхэндээ таатай биш байж ирсэн. Газар зүйд эрхшээсэн гадаад орчинтой айл. Хөрш хөрш маань том гүрнүүд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй улсууд. Улстөрийн дэглэмийн хувьд манайхаас өөр. Ийм нөхцөлд бид гадаад бодлогоо хэрхэн зөв авч явах вэ гэдэг их том асуудал. “Тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлнэ” гэдгийн утга учир нь үүн дээр гарч ирж байгаа юм. Манай улс 1990 оныг хүртэл буюу хүйтэн дайны жилүүдэд нэг талыг барьсан гадаад бодлого тууштай явуулсан. Гэхдээ тэр бодлого нь бидэнд хөгжил дэвшил авчирснаас биш хохирол учруулаагүй. Социалист хамтын нөхөрлөлийн гишүүн, Варшавын гэрээний байгууллагын гишүүн болно гээд өргөдлөө өгөөд, социалист хамтын нөхөрлөлийн Дорнод цайз бэхлэлт гээд Зөвлөлтийн маш том цэргийн ангийг Монголд байршуулчихсан, зөвлөлтийн цэргийн бааз болчихсон ийм л улс байсан. Ганц талыг барьж, Хятадтайгаа харилцаагаа муутгасан. Монгол Хятадын харилцаа муудаад 20 жил болсон түүх бидэнд бий. Ингээд 1980-аад оны сүүлчээр харилцаагаа буцаан сэргээсэн.
Манай хоёр улсын харилцаа сэргээд 30 гаруйхан жил л өнгөрсөн байна. Харин дипломат харилцааны жилүүдийг тоолоход, 1949 оноос хойш гэж үзвэл 74 жилийг туулчихсан байна. Гэхдээ 20-иод жилд нь Монгол, Хятадын харилцаа хүндхэн сорилтыг туулсан. Ийм нөхцөлд Монгол улс гадаад бодлогоо хэр оновчтой төлөвлөх вэ, хэрхэн хуульчлах, яаж албажуулах вэ гэдэг чухал байсан. 1994 онд Монгол улс гадаад бодлогын болоод Аюулгүй байдлын үзэл баримталуудаа батлаад, түүнийгээ хатуу мөрдсөн. Үүнээс хойш удаа дараа явагдсан сонгуулиуд, үүний дараа байгуулагдсан шинэ Засгийн газруудын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дотроо гадаад бодлогын заалтуудаа тодотгож ирсэн. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гадаад бодлого алдаагүй, зөв байжээ гэж харагддаг.
“ЯАЖ ТЭНЦВЭРЭЭ БАРЬЖ ЧАДДАГ ЮМ БЭ ГЭЖ ОЛОН УЛС МАНАЙХЫГ ГАЙХДАГ”
Монгол улсад улстөрийн ямар нам олонх болох вэ, ямар Ерөнхийлөгчтэй байх вэ, Засгийн эрх хэрхэн солигдох вэ гэдгээс үл шалтгаалаад гадаад бодлогын залгамж чанараа хадгалаад ирсэн байна. 3,4-хөн сая хүн амтай, эдийн засаг нь хязгаарлагдмал ийм улс гадаад бодлогоо яаж тэнцвэртэй авч яваад байдаг юм бэ гэдэг нь сонин. Гадаад улсууд гайхдаг юм. Манай улс өнөөдөр Орос, Хятадын хооронд тууштай тэнцвэр барьж байна. Мөн хоёр хөршөөс гадна, гуравдагч хөршийн хооронд тэнцвэрийг сайн барьж байна. Гуравдагч хөрш бол бидний маш нөөлөг болохоор ар тал байна шүү дээ. Монгол улс бол ардчилсан засаглалтай улс. Ард түмэн нь арчиллыг сонгочихсон. Ардчилсан сонгуулиар төрөө эмхлэн байгуулдаг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, даян дэлхийн хөгжлийн ерөнхий гольдролд цуг явдаг ийм айл. Өөрийгөө хаасан, тусгаарласан улс биш. Энэ олон тэнцвэрийг зэрэг барьж чадна гэдэг бол Монгол төрийн гадаад бодлогын гол онцлог. Гол давуу тал гэж ч болох юм. Өмнөх бүх Ерөнхийлөгч, бүх Засгийн газарт энэ гавьяа зэрэг ноогдоно. Бүгдийнх нь гавьяа юм. Тэр гадаад бодлого дээрээ муу, сайн ажилласан гэж ялгаж хэлэхийн аргагүй. Яагаад гэвэл гадаад бодлогынхоо залгамж чанарыг аль үедээ хадгалаад ирж чадсан.
“ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЙЛЧЛАЛ ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ НЭГ ТОМ ЯЛАЛТЫГ АВЧИРЛАА”
Ерөнхий сайд нь БНХАУ-д айлчилж байхад, УИХ-ын дарга нь ОХУ-д айлчилж байна гэдэг бол тэнцвэр барьж байгаа хэлбэр. Өнөөдөр дэлхийн хуваагдал явагдаж байна. Шинэ хүйтэн дайн болж байна. Орос, Украины дайны улмаас Орос маш хүнд нөхцөлд байна. Гэхдээ Монгол улс зайлшгүй чухал хөрштэйгээ харилцаагаа муутгаж болохгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилж байна гэдэг нь үүнийг харуулж байгаа юм. Өнгөрсөн жил Орос, Украины асуудал ид бужигнаж байхад манай улс ОХУ-ын Гадаад яамны Лавровыг манай улс айлчлуулж л байсан. Мөн Хятадтай түүхэн айлчлалууд арай түлхүү явж байна. Өндөр, дээд хэмжээний айлчлалын урсгал гэж нэг юм бий. Өмнө нь айлчлалын урсгал нь нэг л талдаа буюу БНХАУ руу л явдаг байлаа. Харин одоо аль аль таль нь нэгэндээ айлчилж байна. Хоёр урсгалтай болчихлоо шүү дээ. Өнгөрсөн онд манай улсын Ерөнхий сайд Хятадад айлчлаад, дараа нь Ерөнхийлөгч айлчилж байсан. Дунд нь Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дарга Монголд айлчилсан. Төрийн зөвлөлийн дарга, Гадаад хэргийн сайд Ван И айлчилж байсан. Оны эхээр манай Гадаад харилцааны сайд Хятадад айлчилсан. Одоо Ерөнхий сайд айлчилж байна. Өнгөрсөн онд Хятадад төр засаг солигдсон. Он гараад Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын шинэ сонгууль болсон. Шинэ сонгуулийн дараа шинэ их хурал байгуулагдаж, анхдугаар хурлаа хийсэн. Ли Чян Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа. Манай Ерөнхий сайд Ли Чянтай ийм найрсаг харилцаа тогтоож чадна гэдэг дипломатын нэг том ялалт болж байна.
“МОНГОЛЫН УЛСЫН ГАДААД БОДЛОГО ОЛОН УЛСАД ЖИЖИГ БОЛЖ ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА”
Манай улс жижиг. Эдийн засгийн хүчин чадал нь бидний хүссэн хэмжээнд биш. Хүн амын тоо, эдийн засаг гээд яривал бид үнэхээр сүүлд жагсана. Гэтэл ийм жижиг улс гэхэд ийм идэвхтэй гадаад бодлого явуулж чадаж байна. Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг үзье. Бид хоёр хөрштэйгээ иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, төлөвшүүлж чадсан байна. Араас нь стратегийн түншлэлтэй зургаан улс байна. Үүнээс гүрэн гэдэг статустай АНУ, Япон, БНСУ, БНЭУ гээд цуварна. АНУ, Япон, Энэтхэг гээд дэлхийн том гүрнүүд явж байна шүү дээ. Манай улстай стратегийн түншлэлийн харилцаа руу ойртож яваа нь Франц улс байна. Ерөнхийлөгч Макроны айлчлал саяхан боллоо. Үүний дараа 10-р сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийх айлчлалын дараа Монгол, Францын харилцаанд шинэ хувиралт, дэвшил гарна. Дээр нь бид түншлэлийн харилцаагаа өрнө, дорно, Европын холбоотой хүртэл байгуулчихсан. Үүндээ тууштай байж, эрх зүйн зохицуулалт хийж, түншлэлийн харилцаагаа баталгаажуулчихсан ийм жижиг улс дэлхийд байхгүй. Дэлхий дахины энхтайвны бэлгэ тэмдэг гэдэг нэрэндээ зохицсон, НҮБ-д хамгийн их нэр хүндтэй гадаад бодлого явуулж байгаа жижиг улс бол Монгол. Энэ өдрүүдэд л гэхэд дэлхийн эмэгтэй гадаад хэргийн сайд нарын форум Улаанбаатар хотноо болж байна.
Анх удаа Азид, тэр тусмаа Монголд энэ форум албажаад, албан ёсны институц болж байна шүү дээ. Эрх зүйн том субъект болчихож байна гэсэн үг л дээ. Хуучин клуб хэлбэрээр зохион байгуулдаг байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Монголд хийгээд, албажуулж байна. НҮБ-ын удирдлагууд Монголд ээлж дараалан ирж байна. Энхийг сахиулах ажиллагааны томоохон хээрийн сургууль манай улсад явагдлаа. Манай Ерөнхийлөгчийн санаачилгаар эмэгтэй энхийг сахиулагчдын байнгын уулзалтын төв нь Улаанбаатар болж байна шүү дээ. Энэ мэт олон санаачилга явж байна. Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивладаг ТОП 20 улсын нэгт нь Монгол багтаж байна. Энэ бол маш их нэр хүндтэй гадаад бодлого явуулж чадаж байгаагийн илрэл.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.