Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг Хөвсгөл нуурын эх Ханх сумын нутгаас үе шаттай зохион байгуулж эхэллээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын багт ЗХЖШ-ын мэргэжлийн удирдлага, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын байгууллагын аврагчид, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа юм.
Тус ажлын баг Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит тракторыг тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргалаа.
Татан гаргасан трактораас нийтдээ 390 литр шатахуун, тос, тосолгооны материал гаргаж, нуурын бохирдлыг багасгажээ.