Хятадад гэр бүлийн хүчирхийллийн хэд хэдэн олны анхаарлыг татсан хэргүүд, тэр дундаа гэгээн цагаан өдрөөр үйлдсэн хүн амины хэрэг дүрс бичлэгт бичигдэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан нь залуучуудын дунд гэрлэлтийн хор хөнөөлийн талаарх маргааныг дахин эхлүүлэв. Зүүн Шаньдун мужид болсон аллагын талаарх бичлэгийг гэрч цахим сүлжээнд тавьсан нь олны анхаарлыг ихээр татав. Бичлэгт нэгэн эрэгтэй эмэгтэйн дээгүүр хэд хэдэн удаа машинаараа гарч байгаа нь харагдсан ба эхнэр нь байсан гэдгийг цагдаа нар тогтоожээ. Мягмар гарагийн орой хийсэн мэдэгдэлд Дунинг хотын цагдаа нар 37 настай эрэгтэйг "гэр бүлийн маргаанаас" болж 38 настай эхнэрээ цохиж, дарж хөнөөсөн хэргээр саатуулагдсан гэж мэдэгджээ. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа юм байна.
Лхагва гарагийн өглөө гэхэд энэ халдлага Хятадын Twitter-тэй адил Weibo платформ дээрх хамгийн их яригдсан сэдэв болж, 300 сая хандалт авчээ. Түүнчлэн өнгөрсөн сард өмнөд нутгийн Гуандун мужид нэгэн эр эхнэрээ болон бэр эгчийг нь хүйтэн мэсээр хөнөөсөн хэрэг гарсан. Эхнэр нь олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, салахаар төлөвлөж байсан гэж гэр бүлийнхэн нь төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хожим нь ярьсан. Энэ мэтчилэн нийгмийг хирдхийлгэсэн хэд хэдэн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсан нь хэдийн буураад байсан гэрлэлтийн түвшинг улам багасгаж болзошгүй байна.