Эммануэль Макрон жагсагчдыг цагдаад буудуулж нас барсан өсвөр насны хүүхдийн үхлийг далимдуулан үймээн самуун үүсгэж байна гэж буруутгажээ. Францын ерөнхийлөгч хүчирхийллийг дарахын тулд цагдаа нарыг нэмж ажиллуулна гэж мэдэгдсэн ч онц байдал зарлахаа больсон байна. Тэрээр эцэг эхчүүдийг хүүхдүүдээ гэртээ байлгаж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх тодорхой контентуудыг устгахыг уриалав. 17 настай Нахел М замын зогсоолоос гарч яваад амиа алдсаны дараа Францад гурван шөнийн турш үймээн дэгдээд байна. Зөвхөн пүрэв гарагийн шөнө л гэхэд 915 гаруй баривчилгаа хийгдсэн гэж албаныхан мэдээлсэн бөгөөд засгийн газар энэ бүхнийг таслан зогсоохын тулд нэмж 45,000 цагдаа ажиллуулахаа мэдэгдэв. Э.Макрон үймээн самуун дэгдээсэн хэргээр баривчлагдсан хүмүүсийн гуравны нэг орчим нь "өсвөр насныхан байна" гэж хэлсэн бол Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин зарим нь 13-аас доош насныхан байсан гэдгийг тодотголоо. Тиймээс эцэг эхчүүдээс арга хэмжээ авахыг хүсэж, жагсаал хийх гэж байгаа аливаа хүүхдийг "гэртээ" байлгах нь тэдний "үүрэг хариуцлага" гэж хэлэв. Э.Макрон сүүлийн гурван өдрийн үйл явдлыг "маш хатуугаар" зэмлэн буруушааж, Нахелын үхлийг хүчирхийллийн үйлдлийг зөвтгөхөд ашигласан гэсэн юм. Францад эхэлсэн жагсаал үймээн самуун болж, гурван давхар барилга, цагдаагийн машин шатахад хүргээд байна.