Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны зүгээс нэгдсэн мэдээллийг Хангарди ордонд өглөө.
Тухайн салбар хороодод нийт 218 хүн ажиллаж байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажил 80 орчим хувьтай үргэлжилж байгааг албаныхан онцлов.
Баяр наадмын тасалбар борлуулах системийг “Шоппи” ХХК-ийнхан хоёр дахь жилдээ хариуцан ажиллаж байгаа аж.
Тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Батзул хэлэхдээ "Наадам зохион байгуулах комиссоос тасалбар худалдан борлуулахад хамтран ажиллах хүсэлт тавьж, бэлтгэл ажил хангагдаж байна. Иргэд долдугаар сарын 1-ний 11:00 цагаас эхлэн enaadam.mn сайтад нэвтрэн тасалбараа худалдан авах боломжтой. Тасалбарын хүргэлтийн үйлчилгээг "Монгол шуудан" ХК хариуцах бөгөөд гэртээ хүргүүлэх болон өөрт ойр байрлах шуудангийн салбараас тасалбараа очиж авч болно" хэмээн мэдээлэв.
Хоёр өдрийн тасалбарыг тусад нь борлуулна.
- Долдугаар сарын 11-ний тасалбар сүүдрэвчтэй нь 52,500 төгрөг, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөг
- Долдугаар сарын 12-ны тасалбар сүүдрэвчтэй нь 52,500 төгрөг, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөг
Наадмын тасалбар авах заавар:
- Тасалбар захиалахаас өмнө enaadam.mn сайтад хандаж бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай. Ингэхдээ утасны дугаар, хувийн мэдээлэл, хүргэлтийн хаягаа оруулна.
- Нэг хэрэглэгч нэг өдрийн тасалбараас хамгийн ихдээ хоёр ширхэг буюу хоёр өдрийн тасалбараас нийт дөрвийг авах боломжтой.
- Авто зогсоолд байрлах зөвшөөрлийг нэг хүнд тав хүртэлх тоогоор олгоно.
- Тасалбарын төлбөрийг нэг цагийн хугацаанд төлнө. Иймд иргэд төлбөрөө яарахгүй төлснөөр банк болон төлбөрийн системд ачаалал нэмэхгүй хэвийн ажиллах боломжтой.
- Тасалбарыг долдугаар сарын 10-ны өдөрт багтаан “Монгол шуудан” ХК нь иргэдийн бүртгэлтэй хаягаар болон шуудангийн салбаруудаар хүргэж үйлчилнэ. Тасалбарын үнэ дээр хүргэлтийн төлбөр нэмэгдэнэ.
- Төлбөр төлөхдөө Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой.
- Таны захиалга баталгаажихгүй байх нь хэд хэдэн шалтгаантай.
- Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
- Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
- Төлбөр төлөх утгыг буруу оруулсан /дансаар төлсөн тохиолдолд/.
- Төлбөрөө дутуу төлсөн тохиолдолд баталгаажихгүйг анхаарна уу. Амжилттай төлөгдлөө гэсэн төлөвийг заавал шалгах шаардлагатай.