Баян-Өлгий аймгийн хэсэг залуучууд өөрсдийн санаачилга, хөрөнгөөр Өлгий хотын нэгэн гудамжийг шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж байна.
Тухайн залуучууд нь Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулиудын 2003 оны төгсөгчид бөгөөд бүрэн дунд сургууль төгссөний 20 жилийн ойн баяр нь энэ онд тохиож байгаа аж.
Тэд ойн баяраа тохиолдуулан төрөлх нутагтаа бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу дундаасаа мөнгө гарган санхүүжилт босгож, Өлгий хотын нэгэн гудамжийг шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж байна. Тус гудамжинд шөнийн гэрэлтүүлэг тавьж, хиймэл зүлэг дэвсжээ. Мөн мод, цэцэг тарьж, хүмүүс сууж амрах сандал тавьсан байна.
Одоо бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад өгөх ажээ.