Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Монгол Улсад Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгууллаа.
Уулзалтаар сайд нар, сайд нарын түвшний төлөөлөгчид олон улсад анхаарал татаад буй уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоог хөндөн хэлэлцлээ.
Дэлхий нийтэд тулгамдаад буй дээрх асуудлууд дахь өөр өөрийн орны оролцоо, хувь нэмрийг ярилцан хэрхэн шийдэж, дэмжих талаар сайд нар санал бодол, байр сууриа хуваалцлаа.
Уулзалт үдээс хойш өндөр түвшний яриа хэлэлцээгээр үргэлжилж, уулзалтын төгсгөлд зохион байгуулагчдаас хэвлэлийн бага хурал хийсэн юм.Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд А.Бербок, Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна, Индонез улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди, Лихтенштайн улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Д.Хаслер, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор нарын 6 улсын Гадаад хэргийн сайд нар оролцож уулзалтыг зохион байгуулж, таатай хүлээн авсан Монгол Улсын Засгийн газар, ГХЯ-нд талархаж буйгаа илэрхийлэн уулзалтын талаар болон феминист гадаад бодлогын талаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд А.Бербок феминист гадаад бодлого нь эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдлаас эхлээд олон зүйлийг тусган хамгаалсан нийтлэг ач холбогдолтой үзэл баримтлал юм. Эмэгтэйчүүд аюулгүй бол улс орон аюулгүй байх баталгаатай гэдгийг онцолсон юм. Харин Индонез улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди хэлэхдээ, энэ бол тэгш эрхийн талаарх зөв оновчтой бодлого хэмээн тодотголоо.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нар энэ үеэр Улаанбаатарын уулзалтаар хэлэлцсэн, дэлхийн тулгамдсан асуудал дахь эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхийг уриалсан юм