Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого” хөтөлбөртөө гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийг тусгасан.
Энэ хүрээнд Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хангахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ экспортлох, боловсруулах хүчин чадлыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр газар тариалангийн салбарын чиг хандлага хувьсаж байна. Өөрөөр хэлбэл, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан тариалан эрхлэх, шилдэг техник, технологийг ашиглах цаг үетэй бид нүүр тулаад байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Тариалангийн салбарын эрх зүйн хүрээнд “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай”, “Тариалангийн даатгалын тухай”, “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг тус тус боловсруулсан. Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Эдгээр эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлнө" гэв.
Эдүгээ хүн амын өсөлт нь ирээдүйд хөдөө аж ахуйн салбараас дэлхий нийтийн хүнсний хэрэгцээг хангаж чадах уу гэсэн асуудалтай тулгарч байгаа.Монгол Улсын Ерөнхийлөгч орон даяар “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг дэвшүүлэн өрнүүлж эхэлсэн. Энэ хүрээнд ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимжүүлж буй.
Тариалангийн салбарт 1500 ААН, 16 мянган өрх, 880 мянган га эргэлтийн талбайд улаанбуудай, арвай, овъёос, хөх тариа, гурвалжин будаа, шар буурцаг, эрдэнэшиш, рапс, төмс, хүнсний ногоо тариалж байна. Тус салбарт өнөөгийн байдлаар 76.5 мянган хүн ажиллаж байна гэсэн статистик бий.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам