YouTube дээр контент хийдэг хамгийн олон дагагчтай хаягуудын нэг болох MrBeast энэ сарын эхээр Титаник хөлгийг үзэх аялалд уригдсанаа хуваалцжээ.
Тэрбээр “Би энэ аялалд уригдсан ч татгалзсан. Явсан бол ямар байх байсныг бодохоор л айдас төрөм байна” гэж жиргэжээ. Хэдий түүнийг урьсан хүн нь Титан хөлгөөр явах эсэх нь тодорхойгүй ч тийшээ аялна гэдэг л түүний хувьд “эвгүй” байсан гэдгийг онцолжээ.
Өдгөө 162 сая дагагчтай MrBeast хаягийн эзэмшигч Жимми Доналдсон нь ихэвчлэн уралдаан тэмцээн, буяны үйлс хийсэн сонирхолтой бичлэг, контентууд хийдэг нэгэн юм. Өнгөрсөн долоо хоногт далайн гүн дэх Титаник хөлгийг үзэхээр Титан шумбагч хөлөгт суусан таван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тэдний дунд Титан хөлгийг эзэмшигч компани “Ocean Gate”-ийн гүйцэтгэх захирал Стоктон Раш, Англи бизнесмэн Хэмиш Хардинг, Францын шумбагч Пол Хэнри-Наргеолет, Пакистаны бизнесмэн Шахзада Давүүд болон түүний 19 настай хүү Сулеман Давүүд нар байсан юм. Сулеман Давүүд өөрөө явах хүсэлгүй байсан ч аавынхаа мөрөөдлийг биелүүлэхээр хамт суусан гэдгийг ар гэрийнхэн нь хэлсэн билээ.
SOURCE: CNN