Энэ сарын 17-нд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Идга-Чойнзонлин дацангийн дотуур байранд 14 настай ламхай бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн мэдээллийг түүний ээж өгснөөр энэ сэдэв олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Хохирогч хүүхэд А Бэлгийн хүчирхийлэлд өртдөгөө дацангийн багш нартаа хэлэхэд дотуур байрнаас хөөж гаргасан гэх мэдээллийг өгч буй.
Бид үүнийг Идга дацангийн сургалт хариуцсан багш Ч.Пүрэвдоржоос тодруулахад, “Хохирогч гэгдэж байгаа хүүхэд болон түүний ээж бидэнд бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөөгүй. Тухайн хүүхдийн ээж дотуур байранд үргэлж ирдэг. Байрны дотоод журам гэж бий шүү дээ. Түүний дагуу тухайн ээжид нь 2-3 удаа шаардлага тавиад хүлээж аваагүй учраас байрнаас гаргая л гэсэн. Түүнээс биш хүчирхийллийн асуудлын талаар мэдээлээд байхад нь хөөгөөд гаргасан зүйл байхгүй. Хүүхдүүд хоорондоо ноцолдож, зодолдох асуудлууд харин гарч байдаг. Ийм асуудлыг тухай бүрд нь шийдээд л явсан. 1990 оноос хойш хүчирхийллийн ийм асуудал огт гарч байгаагүй. Үнэхээр ийм зүйл болсон бол хууль шүүхийн байгууллага тогтоох байх. Санаанд багтамгүй ийм асуудал үнэхээр болсон бол харамсаж байна. Дотуур байрны хараа хяналт сул байсан байх. Бид түүнийг үгүйсгэхгүй.
Шинжээчийн дүгнэлт гарах эсэх асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдэгдэл өгөөгүй байна. Хохирогч гэгдэх хүүхэд нэг өрөөнд 9-10 хүүхэд байрладаг гэж ярисан. Энэ нь үнэн болов ч, нэг оронд 2-3 уулаа унтдаг гэж ярьж буй нь худал. Тухайн өрөө бол тийм жижиг өрөө биш” гэсэн юм.
Бид ламхай нарын амьдардаг, пудвол дахь өрөөг нь харж болох эсэх талаар асуухад, цагдаагийн байгууллагаас түгжээд явсан. Оруулж болохгүй гэсэн гэдэг тайлбар өглөө.
ХҮҮХДҮҮД МААНЬ ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН ГЭДЭГ ХУДЛАА. БАЙЦААЛТЫН ЯВЦАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЬ ХАМТ БАЙЛЦСАН
Энэ хэрэгт сэжиглэгдэж буй Т-гийн ээж дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, “Зургаадугаар сарын 15-нд болсон асуудалтай холбогдуулан гандангаас намайг дуудсан. Эхлээд үнэмшихгүй л байсан. Одоо бол сэрдхийж байна. Эх хүний хувьд сэтгэл зүрх эмзэглэж байна. Гэхдээ би энэ хүүхдүүдийг тийм зүйл хийсэн гэдэгт итгэлгүй байна. Эргэлзэж байна. Хүүхэд маань ч шокын байдалтай гэртээ байгаа. Дөрөв хоног хоол идсэнгүй. Маш их цочирдож хүлээж авлаа. Миний хүү ангийнхаа даргыг хийдэг юм. Шүд ам, нүүр гарыг нь угаалгачихаад бүгдийг нь оронд нь оруулаад унтуулах үүрэгтэй гэж байгаа. Ингэхэд тийм асуудал огт гарч байгаагүйг хэлсэн. Хүүхэд гэнэт цагдаа хараад л цочирдсон юм билээ. Хүүхдийн маань хүсэл зорилго няцаж байна. Хохирогч гэгдэх хүүхдийг хүү маань арай л аймар худлаа яриад байна гэж хэлсэн. Зарим газруудаар хүүхдүүд хэргээ хүлээсэн гэх мэдээлэл гарч байна. Байцаалтын явцад хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүд нь байлцсан. Хүүхдийнхээ амнаас "тийм зүйл болсон" гэж хүлээн зөвшөөрч байгаа нэг ч үг сонсоогүй. Надад бол энэ асуудал хар ПР ч юм шиг санагдаж байна. Шүүх шинжилгээний хариу гарсны дараа хүүхдийнхээ нэр хүндийг сэргээлнэ.
Хүү маань байцаалт өгөөд гарч ирж байхад, хохирогч гэгдэх хүүхдийн ээж, “Чамайг алмаар байна. Шоронд чинь хийнэ. Хатаана” гээд дайрч байна. Яагаад хүүхэд рүү том хүн ингэж дайрч чарлаж байна вэ? “Оршуулах нүхийг чинь ухсан байгаа” гэж орилж байна. Би хүүхдээ сэжигтэн гэж хэзээ ч бодохгүй. Хохирогч гэж үзэж байна. Гэсэн ч нээрээ ийм зүйл болчихсон юм биш биз. Айлын хүүхдийг үнэхээр ингээд хохироосон юм биш биз гэхээс үнэхээр айж байна" гэлээ.
Харин Сэжигтэн Б-гийн ээж ярихдаа,
"Дотуур байранд биднийг зодож дээрэлхэх, дарамтлах зүйл байдаггүй. Ах нь ах шиг, дүү нь дүү шиг байхыг л сургадаг гэж хүү минь ярьж байна. Хууль шүүхийн байгууллагаас асуудлыг шийдэж, тодорхойлоогүй байхад, хохирогч талын ээж миний хүүг, “Генийн өөрчлөлттэй, гаж донтой. Чамайг ална аа, хөмөрнө өө” гээд л орилж байна. Хүүтэйгээ ингэх болгонд тулж ярилцахад тийм зүйл байхгүй л гэдэг. Ямар ч байсан буруу зөвийг нь тогтоох байх. Үүнээс наана нийгэм хүүхдүүдийг маань яллаж байна. Миний хүүхэд 14 настай. Энэ асуудалд орооцолдсон хүүхдүүд 14 настай л хүүхдүүд. 17, 18-тай гээд л худал мэдээлэл олон л явж байна. Хохирогч хүүгийн яриаг сонсоод үнэхээр эмзэглэсэн. Амьтны нялх хүүхэд шүү дээ бас л. Тэглээ гээд бяцхан хүүгээ тийм зүйл хийсэн гэж бодохгүй байна" гэлээ.
ХОХИРОГЧ А-ГИЙН ЯРЬЖ БАЙГАА ЗҮЙЛИЙН ИХЭНХ НЬ ХУДЛАА
Түүнчлэн бид хэрэгт сэжиглэгдэж байгаа 14 настай Т, Б нараас мөн асуудлаар тодруулсан юм,
-Хохирогч хүүхдийн ярьж байгаа зүйл үнэн үү?
А: Зарим яах вэ үнэн. Гэхдээ ихэнх нь худлаа байнабилээ. Хоорондоо муудалцдаг нь үнэн. Энэтхэг явахын тулд гомо байх ёстой гээд л аймар худлаа ярьж байсан.
Б: Зүгээр биднийг маш муухайгаар гүтгэж байгаа. Ээж нь өдөржин л дотуур байранд байдаг. Бид хоорондоо тоглож байгааг хүртэл нэгнээ зоддог гэж яриад байгаа юм. Би яг хэрэгт сэжиглэгдэж байгаа Н гэдэг хүүхдийг сайн мэднэ. Тийм зүйл хийх хүүхэд биш.
-Нэг өрөөндөө хэдүүлээ байдаг вэ? Нэг оронд хэдэн хүүхэд унтдаг вэ?
Б:Өрөөндөө 10 уулаа байдаг Хоёр давхар таван ортой. Тус тусдаа унтдаг.
-Гараад байгаа асуудал та хоёрт ямар санагдаж байна вэ?
Б: Маш муухай байна. Харж үзээгүй юмыг маань ингэдэг тэгдэг гээл ярихаар муухай байна.
Т: Хохирогч гээд байгаа хүүхэд ер нь бол их зожиг. Дээр манай дацангийн нэг хүүхэдтэй зодолдсон. Би ангийн дарга болохоороо салгаад л унтуулсан. Хамт унтах гээд байхаар нь би болиулсан юм. Бид хэдийн нэрийг ядаж нууж болоогүй л юм байх даа. Гандан дотор бид нэгнээ танина шүү дээ. Цаашдаа сурна гэхээс санаа зовж байна. Ямар ч гэсэн хэрэг үнэн зөв шийдэгдээсэй. Хүүхэд худлаа яридаггүй гээд А-гийн ярисан болгонд итгэж байж биднийг худлаа ярьж байна гэх юм. Бид ч бас хүүхэд шүү дээ.